Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэн: МУИС-тай холбоотой бүтээлүүдээ номын сандаа өгч байвал дараагийн үедээ хадгалагдан үлдэх юм

Г.Хулан
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

MУИС түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд номын үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Номын үзэсгэлэнд нийт 700 гаруй ном товхимол дэлгэгджээ.

МУИС-ийн номын сангийн захирал Н.Цэрэн "Бид бүхэн сургуулийнхаа түүхт 80 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Өнөөдрийн номын үзэсгэлэнгийн нээлтэд их сургуулийнхаа номын сангаас гавьяаныхаа амралтад гарсан өнөөгийн номын санг хөгжлийн түвшинд хүргэхэд гол үүргийг гүйцэтгэж, тусалж дэмжсэн ахмадууд маань хүрэлцэн иржээ. Энэхүү 700 гаруй ном товхимолд эрдэмтэн багш, ажилчдын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил, салбар бүрийн эрдэм шинжилгээний сэтгүүл, сургуулийн түүхэн замнал, ном зүйн эмхэтгэлүүд дэлгэгдэн тавигдсан. Үзэсгэлэнгийн гол зорилго нь сургуулийнхаа түүхэн замналыг танилцуулахаас гадна эрдмийн ажлын гол бүтээлийг дэлгэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Түүхт 80 жилийнхээ ойг тохиолдуулж  номын сангийн цуврал подкастыг эхлүүлсэн. Подкастаас маань ажилчдын судалгааны ажил, эрдэм шинжилгээний нарийвчилсан бүтээлийг сонсож, үзэх боломжтой.  Мөн зөвхөн сургуулийнхаа сан хөмрөгт  байгаа бүтээлийг дэлгэхийг зорьсон боловч  танхимуудаас их сургуулийн номын санд байхгүй  нарийн судалгааны ажлуудын бүтээлийг ирүүлсэн. Цаашдаа МУИС-тай холбоотой бүтээлүүдээ номын сандаа өгч байх юм бол бидний үе үеийн түүхэн замнал дараагийн үедээ хадгалагдан үлдэх юм шүү" гэлээ.