Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Алтанбулагаас бусад ОХУ-тай хил залгаа боомтуудаар сүүлийн хоёр хоногт 1,088 орос иргэн орж иржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо сүүлийн хоёр хоногт огцом буурчээ.

Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу өдөрт нэвтрэх орос иргэдийн тоо энгийн үеэс гурав дахин нэмэгдэж, зөвхөн Алтанбулаг боомтоор найм хоногийн хугацаанд ОХУ-ын 6,500 гаруй иргэн орж ирсэн байна.

Бидэнд олдсон мэдээллээр сүүлийн хоёр хоногт Алтанбулагаас бусад ОХУ-тай хил залгаа боомтуудаар 1,088 орос иргэн орж ирсэн бол 426 иргэн буцаж гарчээ.

Тодруулбал, есдүгээр сарын 27-ны 08:00 цагаас есдүгээр сарын 28-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд

  • Боршоо боомтоор ОХУ-ын 309 иргэн орж ирсэн бол 160 иргэн буцаж гарсан,
  • Ханх боомтоор 154 иргэн орж ирсэн бол 30 иргэн буцаж гарсан,
  • Цагаан нуур боомтоор 108 иргэн орж ирсэн бол 36 иргэн гарсан.

Есдүгээр сарын 28-ны 08:00 цагаас есдүгээр сарын 29-ний 08:00 цагийн хооронд:

  • Боршоо боомтоор ОХУ-ын 260 иргэн орж ирсэн бол 60 иргэн буцаж гарсан,
  • Ханх боомтоор 45 иргэн орж ирсэн бол 17 иргэн буцаж гарсан, 
  • Цагаан нуур боомтоор 74 иргэн орж ирж, 98 иргэн гарчээ.

Алтанбулаг боомтын тухайд сүүлийн хоёр хоногт орж ирэх Оросын иргэдийн тоо өмнөх өдрүүдээсээ 2-3 дахин буурсан үзүүлэлттэй байгааг Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн тоон мэдээллээс харж болно.

"Сүүлийн хоёр хоногт агаарын замаар ОХУ-ын 138 иргэн Монголд ирсэн бол 24 иргэн Монголоос ниссэн байна"

Түүнээс гадна "ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байгаа" талаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын эх сурвалж өмнө нь мэдээлж байсан.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Манай агаарын хилээр дамжиж ОХУ-ын хэчнээн иргэн хаашаа ниссэнийг хэлэх боломжгүй"-г тайлбарлаад зөвхөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь агаарын замын боомтоор ОХУ-ын хэдэн иргэн орж, гарсан мэдээллийг өглөө.

Ингэхэд есдүгээр сарын 27-ны өдөр Чингис хаан нисэх буудлаар буюу агаарын хилээр ОХУ-ын 90 иргэн орж ирсэн бол 23 иргэн гадагшаа нисжээ. Харин есдүгээр сарын 28-нд 48 орос иргэн агаарын замаар Монголд ирсэн бол хоёр иргэн гадагшаа ниссэн байна.