Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд унасан вагоны хоёр машинист нэг бүхлээс дээш согтолттой байсан мэдээлэл ирсэн

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
УБТЗ ХНН фэйсбүүк хуудсаас авав.

Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаас гарч унасан талаар салбарын сайд мэдээлэл өглөө.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан Монголиан транс ложистик компанийн вагон замаас гарч унасан осол боллоо.

Тодруулбал Дорноговь Улаанбадрах сумын нутагт байрлах Зүүнбаян өртөөнөөс 75 километрийн зайд Хулангийн шанд зөрлөг дээр өнгөрсөн шөнө 11:30 цагийн үед хөдөлж, 12:20 цагийн үед осолдсон байна. Цуваанд нийт 17 вагон явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан ачаа.

Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очсон.

Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн. Вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирлээ. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

УБТЗ-аас гадна Монголын төмөр зам, Зүүнбаян, Тавантолгойн, Монголиан транс ложистикийн гээд олон төмөр замтай болсон. Монголын төмөр зам нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт, Зүүнбаян, Тавантолгойн төмөр зам Уул уурхайн яам буюу Эрдэнэставан толгой компанид, Болд Ерөө голын төмөр зам хувийн компанид харьяалагддаг. Эндээс харахад төмөр замын бодлого зохицуулалт, нэгдсэн удирдлага алдагдсантай холбогдуулан сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан гэж үзэж байгаа.

Болд Төмөр Ерөө гол буюу Ханги-Мандалын төмөр замыг барьж буй Монголиан транс ложистик компанийн хариуцлагагүй машинист нар архи уусан, согтуу хурд хэтрүүлсэнтэй холбоотой болсон осол гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. 

Цаашид төмөр зам болон агаарын замын аюулгүй байдалд анхаарч ажиллана. Хатуу дүрэмтэй байна.

УИХ-д өргөн баригдсан Төмөр замын тухай хуулийг баталж олон хаяг, эзэнтэй замбараагүй төмөр замуудыг цэгцлэх, агентлаг байгуулах шаардлага байгаа нь өнөөдрийн ослоос харагдлаа" гэв.

Машинистаар гурван хүн явсан бөгөөд хоёр хүнээс нь согтолтын зэрэг өндөр буюу нэг бүхлээс дээш гарсан

Тэрбээр "Уг вагонд машинистаар гурван хүн явсан бөгөөд хоёр хүнээс нь согтолтын зэрэг өндөр буюу нэг бүхлээс дээш гарсан. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьсан. Энэ зам дээгүүр туршилтын тээвэр хийгдэж буй. Улсын комисс энэ ондоо багтаан хүлээж авахаар ажиллаж байгаа. Төмөр зам чанаргүй баригдсанаас осол гарсан тухай асуудал урьдчилсан байдлаар яригдаагүй байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.