Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 2022 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 642,315 болжээ. Энэ нь Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 55 хувийг эзэлж байна.
Автомашины импорт цар тахлын жилийг эс тооцвол тасралтгүй өсөж ирсэн. Энэ оны эхний найман сарын байдлаар л гэхэд суудлын 47,662 автомашины импортолсон нь 2021 оны түвшнээс 24%, 2020 оныхоос 32% өссөнийг Гаалийн ерөнхий газраас танилцуулаад буй.
Графикаас харвал тээврийн хэрэгслийн тоо 2012 онд дугаарын хязгаартай зорчуулах шийдвэр гарснаар 46% огцом өссөнөөс хойш жил тутам өсөлт 50-10%-д тогтмол хэлбэлзэж иржээ.
Иймд түгжрэлийг бууруулах 36 цогц арга хэмжээний хүрээнд технологи болон эдийн засгийн зарим хөшүүргийг ашиглахаар төлөвлөж байгааг бид танилцуулсан.
Тухайлбал, нийслэлийн замаар зорчихын тулд Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашин километр тутамд 15, орон нутгийн машинаас 45 төгрөгийн хураамж авахаар төлөвлөж байна.
Ачилтын системд мөн өөрчлөлт оруулах нь. Эхний удаа дүрэм зөрчвөл сануулаад өнгөрөх бол дараагийн удаа торгоно. Харин дахин зөрчил гаргавал ачиж, журмын хашаанд оруулах бөгөөд журмын хашаанаас тухайн машин "эрүүл" болоод гарна гэдгийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг хэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн машины өмнө төлөөгүй байсан торгуулийг бүрэн төлүүлж, оношилгоонд ороогүй байсан бол оруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулсны дараа журмын хашаанаас гаргадаг болох юм байна.
Дээр дурдсанчлан автомашины тоо Улаанбаатар хотын ачааллаас хэт давсан тул цаашид жилд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хязгаартай болгох хувилбарыг ч ярьж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|