Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хамгийн том атомын цахилгаан станцын орчимд байлдахгүй байхыг НҮБ-ын тэргүүн талуудад уриалав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Украины өмнөд бүс нутагт оршдог Европын хамгийн том атомын цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өчигдөр талуудад уриалжээ.

Запорожийн атомын цахилгаан станцад ямар нэг гэмтэл учруулбал бүс нутгаар хязгаарлагдахгүй сүйрлийн аюултайг тэр анхааруулсан байна.

Дайны эхний өдрүүдэд тус станцыг Оросын цэрэг эзлэн авч байв. Одоо станцыг Украины оператор компани ажиллуулсан хэвээр байгаа.

Орос, Украины талууд станц руу гал нээсэнд харилцан нэгнээ буруутгасаар байна. НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн захирал Рафаэл Гросси өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө Запорожийн станц бүрэн хяналтаас гарсан тухай мэдээлж байжээ.

Станцын ажиллагааг хариуцдаг Украины төрийн өмчит Энергоатом компанийн мэдээлснээр Оросын арми станцын ойр орчмын барилга байгууламжууд руу дахин гал нээж эхэлсэн байна.

Харин Москвагаас томилогдсон орон нутгийн захиргааны төлөөлөгч Владимир Рогов станцын байгууламж руу Украины талаас гал нээсэн тухай мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Атомын цахилгаан станцын газарт Украины армийн явуулж буй байлдааны ажиллагаа асар их аюултай. Үр дагавар нь бүх Европ тивийг гамшигт унагаж болох юм” гэж мэдэгдсэн байна.

Харин Копенхаген хотод өчигдөр болсон өрнөдийн батлан хамгаалах яамны сайд нарын чуулганд зайнаас оролцож үг хэлэхдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Запорожийн атомын цахилгаан станцыг гэмтээснээр Оросын тал түүхэнд хамгийн том цацраг туяаны гамшиг үүсгэж болзошгүй байна” гэж анхааруулжээ.

Тэрбээр Запорожийн осол Чернобылийн ослоос ч илүү хор хөнөөлтэй болохыг энэ үеэр хэлсэн байна.

Запорожийн атомын цахилгаан станцын асуудлыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл удахгүй хэлэлцэх гэж байгаа юм. Москвагаас томилсон орон нутгийн захиргаа станцын байгууламжид Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн мэргэжилтнүүдийг нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera