Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дахин $1 тэрбумын зэр зэвсгийн тусламжийг Украинд илгээхээр болов

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа $1 тэрбумын үнэ бүхий зэр зэвсгийг Украинд нэмж илгээх болсноо Даваа гарагт зарлажээ.

Энэ нь АНУ-ын батлан хамгаалах яамны нөөцөөс Украинд шууд илгээж буй хамгийн том багц юм байна.

Тусламжийн зэвсэг нь Украины армийн шийдвэрлэх давшилтад ашиглагдах юм.

Киевийн эрх баригчид дайн эхэлсэн хагас жил орчим хугацаанд анх удаагаа сөрөг довтолгоонд орох гэж байгаа.

Эзлэгдсэн өмнөд бүсийн Херсон мужийг Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нь Украины армийн эхний том зорилт юм.

Сүүлийн өдрүүдэд Оросын тал Донбассын фронтоос хүн хүчээ өмнөд фронт руу шилжүүлж, Украины довтолгоонд бэлдэж эхэлсэн мэдээлэл бий.

АНУ-ын шинэ тусламжийн багцад HIMARS-ийн пуужингууд, олон мянган их бууны сум, Жавелин систем зэрэг орчин үеийн зэвсэг техникүүд багтжээ.

АНУ өмнө нь Украинд 16 ширхэг HIMARS пуужингийн артиллерын систем нийлүүлээд байгаа. Харин энэ удаагийн багцад нэмж ороогүй байна. “Энэ бол олон зуугаар нь хэрэглэж байж үр дүнд хүрдэг зэвсэг биш. Онцгой чухал байд өндөр нарийвчлалтай цохилт өгөх зориулалттай. Украинчууд ч үүнийг ингэж ашиглаж байгаа” гэж Пентагоны төлөөлөгч Колин Кал тайлбарлажээ.

Сүүлийн багц тусламжийг нэмсний дараа Байдены засаг захиргааны Украинд илгээсэн нийт зэр зэвсгийн тусламжийн хэмжээ $9 тэрбумыг даваад байна.

Энэ удаагийн тусламж АНУ-ын батлан хамгаалах яамны агуулахаас шууд ачигдах тул богино хугацаанд Украинд хүрэх гэнэ.

Тусламжийн багцад HIMARS-ийн тодорхойгүй тооны пуужин, 155мм-ийн их бууны 75,000 сум, минометын 20 системийг 20,000 сумны хамт, мөрөн дээрээс харвагч пуужингийн Жавелин систем 1,000 ширхгийг тус тус илгээхээр болсон байна.

Дайны дөрвөн сарын хугацаанд Оросын арми Донбассын фронтод бүх хүчээ төвлөрүүлж, тодорхой газар нутгийг эзэлсэн ч сүүлийн үед давшилт нь зогссоныг Колин Кал мэдээлжээ.

Өнгөрсөн хугацаанд Оросын талын нийт 80,000 цэрэг алагдсан буюу шархадсан гэж тооцоолж байгаагаа тэр хэлсэн байна.

“Гэхдээ Оросын давшилт асар их үнээр бий болсон. Украины арми сайн тулалдаж, зэр зэвсгийн тусламж ч бас үүргээ гүйцэтгэсэн нь үүнтэй холбоотой. Миний бодлоор одоо дорнод фронтод байдал тогтворжиж, анхаарал өмнөд фронт руу шилжиж байна” гэж Кал тайлбарлажээ.

Одоогоор Өрнөдийн холбоотнууд Украинд байлдааны нисэх онгоц нийлүүлэх хэрэгтэй эсэхийг судалж байгааг тэр бас хэлсэн байна.

Дайны эхний өдрүүдэд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нисэх онгоцнууд илгээхийг Өрнөдөөс хүсэж байв.

Гэвч АНУ болон НАТО ингэвэл мөргөлдөөнд шууд оролцож болзошгүй хэмээн болгоомжилж байжээ.

Зэр зэвсгийн тусламжаас гадна Даваа гарагт АНУ-ын сангийн яам $3 тэрбумын эдийн засгийн шууд тусламжийг Украинд үзүүлэхээр болсноо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press