Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн хойг дахь ОХУ-ын агаарын баазад дараалсан дэлбэрэлтүүд боллоо

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Крымийн хойгийн баруун эрэг дэх Оросын агаарын баазад дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас нэг иргэн амиа алджээ.

Новофедоровка хотын орчимд байдаг Саки агаарын баазад өчигдөр үдээс хойш нийт 12 удаагийн дэлбэрэлт болсныг гэрчүүд мэдээлсэн байна.

2014 онд Оросын харьяанд нэгтгэгдсэн Крымийн хойг Украины дайны хөлд нэрвэгдээгүй, харьцангуй тайван амгалан байсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Саки бааз дахь зэр зэвсгийн агуулахад нь гал гарсны улмаас дэлбэрэлтүүд болсныг мэдээлжээ.

Үүнд ямар нэг гаднын халдлага довтолгоо байгаагүйг баталсан байна. Албаны зарим эх сурвалж галын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс ийм осол гарсан гэж тайлбарлажээ.

Крымь мужийн эрүүл мэндийн газар дэлбэрэлтийн үеэр нэг иргэн амиа алдаж, хэд хэдэн хүн хөнгөн шархадсан тухай мэдээлсэн юм.

Украины засгийн газраас гаргасан мэдэгдэлд иймэрхүү осол эндэгдлийн бурууг өөрт нь тохож болзошгүйг урьдчилан анхааруулсан байна.

“Эзлэн түрэмгийлэгчид 'санамсаргүй байдлаар’ ямар нэг шинж тэмдэг, зочны бүртгэл, бүр ДНХ олохыг үгүйсгэх аргагүй” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Крымийн захирагч Сергей Аксёнов агаарын баазыг тойруулан 5 км-ийн тусгаарлах бүс байгуулснаа мэдээлсэн байна.

зураг
 

Оросын аялал жуулчлалын тур компаниуд дэлбэрэлтийн улмаас үйл ажиллагаа нь тасалдаагүйг мэдэгджээ.

Хар тэнгисийн эргийн наранд шарлагын газруудаас баазын зүгт их хэмжээний хар утаа олгойдож буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд тарсан байна.

Новофедоровка хот, Саки агаарын бааз нь Оросын Хар тэнгисийн флот төвлөрдөг Севастополь хотоос хойд зүгт 50 км зайтай байрладаг.

Долдугаар сарын 31-ний өдөр Севастополь дахь флотын төв байр дроны халдлагад өртөж байсан юм. Уг халдлагын талаар Украины эрх баригчид ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Reuters