Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Цаашид ямар нэг шалтгаанаар тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдэд хариуцлага тооцно

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хамран сургах тойргийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөж хамран сургах тойргийг зарлана"

Тэрбээр "Өмнө нь бид хамран сургах тойргийг тухайн тойрогч байгаа зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолдог байсан нь буруу байсан. Үүнийг энэ жилээс халж байгаа.

Тодруулбал, нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хороо дээр хамран сургах тойргийг зарлаж, төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилсан төлөвлөлтийг хийж, шинэчилнэ.

Мөн нийслэлийн ачаалалтай сургууль, цэцэрлэгийн сурагчдын 40-50 хувь нь тойргийн бус хүүхэд байсан гэдэг нь өнөөдөр судалгаагаар тогтоогдсон. Иймд энэ жилээс хүүхэд бүр тухайн хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах боломжийг нь тэгш олгоно.

Нийслэлийн өглөө, оройн замын түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас авдгаас үүдэлтэй байдаг.  Тиймээс бүх хүүхдээ хамран сургах тойргоор нь хамруулж сургасан тохиолдолд нийслэлийн түгжрэл дагаж буурах боломжтой"  хэмээн ярилаа.

"Нэг сая төгрөг авч, орон сууцныхаа ордер дээр хүүхдийг нь бүртгэж, сургуульд элсүүлдэг авлигын сүлжээ байсан"

Үргэлжлүүлэн "Нийслэлийн гол байршилд байдаг төрийн цэцэрлэг, сургуульд хамран сургах тойргийн бус хүүхэд бүртгэдэг тодорхой авлигын сүлжээ байсныг нуухгүй. Тухайлбал, Нэгдүгээр сургуульд элсэн ороход нэг сая төгрөг авч, орон сууцныхаа ордер дээр бичүүлж, түүгээр нь бүртгэл хийдэг сүлжээ байсан.

Иймд бид АТГ-тай хамтран энэ жилийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ил тод, нээлттэй, шударга байлгах бололцоог бүрдүүлж ажиллана. Эцэг, эх асран хамгаалагчид болон төрийн бус байгууллага бидэнтэй хамтран ажиллах ёстой.

Цаашид ямар нэг шалтгаанаар тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчтэй хариуцлага тооцох алхмыг эхлүүлж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/600280278287785