Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми Старлинкийн интернэт үйлчилгээг ашиглаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины дайны үеэр чадвараа харуулсан Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглахаар болсныг АНУ-ын агаарын зэвсэгт хүчний удирдлага мэдэгджээ.

Тухайлбал Европ, Африк дахь АНУ-ын агаарын цэргийн баазууд энэ сараас эхлэн SpaceX компанийн байгуулсан Старлинк сүлжээнд холбогдохоор болсон байна.

12 сарын хугацаатай, $1.92 саяын дүнтэй гэрээг өнгөрсөн сарын сүүлээр байгуулжээ.

Агаарын зэвсэгт хүчний удирдлагын төвөөс гаргасан мэдэгдэлд Старлинкийг одоогоор Европ, Африк тивүүдэд зэрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай цорын ганц хувийн компани гээд байгуулсан сүлжээ, холболтын чанар нь өрсөлдөгчдөөсөө хол илүү болохыг тайлбарласан байна.

Бас мөргөлдөөнтэй бүс нутагт ашиглагдаж байгаа цорын ганц хиймэл дагуулын үйлчилгээ гэж тодорхойлсон нь Украиныг дурдсан хэрэг байв.

Агаарын Зэвсэгт Хүчний судалгааны лаборатори Старлинкийг тактикийн ажиллагаанд хэрэглэхэд шаардлага хангахуйц өндөр хурдтай, хугацааны хоцрогдол багатай, дохиог сарниулах сөрөг ажиллагаанд тэсвэртэй болохыг шалгаж тогтоосон гэнэ.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдсаны дараахан Украины интернэтийн дэд бүтэц халдлагад өртөж байжээ.

Үүний дараа SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тус улсын засгийн газрын хүсэлтээр Старлинк үйлчилгээгээ Украины нутаг дэвсгэрт идэвхжүүлж, терминал төхөөрөмжүүдийг тусламжаар нийлүүлж байжээ.

Тэр үеэс хойш Украины эрх баригчид иргэний болон цэргийн харилцаа холбоондоо Старлинк сүлжээг өргөнөөр ашиглах болсон юм.

 

Эх сурвалж: Business Insider