Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүллээ.
Монгол Улсад хоёр дахь удаагаа ирсэн тэрбээр айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн чухал мэдэгдлийг хийж, гэрээ, протоколыг албажуулсан юм.
Ноён Ван И бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдээд Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурж, ёсчилсон.
Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрснийг тэрбээр мэдэгдэлдээ онцолсон юм.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслүүдийг аль болох эрт хэрэгжүүлэх, хоёр улсын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, залуусын солилцоог эрчимжүүлэх талаар цохон тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.
Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдгээр мэдэгдлээс гадна шар шуурганы эсрэг хамтдаа тэмцэхийг уриалсан юм.
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өндөрлөж, тэрбээр нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Гэрэл зургийг MPA агентлаг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!