Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ёсчлон баталсны дараагаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийлээ.
Сайд Ван И "Монгол Улсад хоёр жилийн дараа дахин айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна.
Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад улс нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд ихээхэн баярлаж, цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлье.
Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хүчирхэг түншлэлийг бүтээхэд бэлэн байна.
Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя.
Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Хятад улс нь Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Түүнчлэн Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна.
Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм.
Цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний амь насыг хамгаалах, хоёр улсын шууд нислэгийн давтамжийг тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоо эрчимжүүлэх болно. Мөн Монголын оюутнууд Хятадад хичээлдээ орохыг дэмжиж байна. Хоёр улсын залуусын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа.
Талууд хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж буй "Даян дэлхийн хөгжил" хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын хандлагыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. Азийн бүх улс орнуудын хөгжил дэвшлийг хамтран дэмжье" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!