Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ричард Буанган: Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд онцгойлон анхаарна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт ээлжит Элчин сайдаар Ричард Буанганыг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард нэр дэвшүүлсэн. Тэгвэл АНУ-ын  Сенатын Гадаад харилцааны хорооноос энэ сарын 13-нд шинээр Элчин сайдаар томилогдох гэж буй Ричард Буанган тэргүүтэй таван нэр дэвшигчийн хийх ажлын тайланг сонсож, асуултад хариулт авчээ. Тэрбээр асуултад хариулах үеэрээ Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд онцгойлон анхаарна гэдгээ хэлсэн юм.

Монгол Улсад ажиллахаар нэр дэвшсэн Ричард Буанганы хийх ажлаа танилцуулахдаа дараах асуудлуудад онцгойлон анхаарахаа илэрхийлэв. Үүнд:

  • Нэгдүгээрт, Монгол Улс эрчим хүчний шилжилтийн нэн чухал үе шатанд байна. Нүүрсний арвин их нөөцтэй ч эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд уул уурхайн салбараас хамааралтай байна. Нөгөө талаар Монгол Улсад усан цахилгаан станц, нар, салхины гээд цэвэр эрчим хүчний асар их нөөц боломж бий. Хэрэв би ажиллахаар болбол Монгол Улс цэвэр эрчим хүчний ирээдүй рүү шилжихэд тусалж, дэмжих болно.
  • Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, геостратегийн өнөөгийн тулгамдсан асуудлыг авч үзвэл АНУ-ын дэмжлэг тус улсыг урагш ахихад чухал ач холбогдолтой хэвээр байна. Тухайлбал, АНУ Монгол Улсад оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын, Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын системийг шинэчлэх төсөл. 2026 онд уг төсөл хэрэгжсэнээр хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлнэ. Тус улсад нь АНУ Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац 38 сая долларын багцыг удирддаг бол USAID төслүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, эрчим хүчний менежментийг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
  • Гуравдугаарт, АНУ болон Монгол Улсын харилцааны нэг чухал хэсэг нь цэрэг армийн хамтын ажиллагаа юм. Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад АНУ талархаж байна. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний мэдээллийн дэд бүтцийг өргөжүүлэх, сургалт зохион байгуулах, инженерийн чадавх, энхийг сахиулах ажиллагааны бэлэн байдал зэрэгт АНУ-ын арми дэмжлэг үзүүлж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргана.
  • Эцэст нь, төрийн дипломат харилцаанд хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлэх нь туйлын чухал гэж үзэж байна. Монголчууд, тэр дундаа улам бүр нэмэгдэж буй залуучуудын солилцоо, АНУ болон бусад нээлттэй чөлөөт зах зээлийн нийгэмлэгүүдтэй илүү ойр дотно харилцаа тогтоох, гадаадад суралцах боломжуудыг улам өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

Хүмүүс хоорондын харилцааг сайжруулах нэг чухал түлхүүр бол Монгол дахь англи хэлний боловсролыг дэмжих явдал юм. Цар тахал гарч, 2020 онд бүх сайн дурынхныг эргүүлэн татах хүртэл жил бүр Энхтайвны корпусын 100 орчим сайн дурын ажилтан англи хэл заадаг байсан.

Энэхүү амин чухал хөтөлбөрийг аль болох богино хугацаанд өмнөх түвшинд нь хүргэх, бүр илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Ричард Буанган эцэст нь хэлээд хэрэв Элчин сайдаар томилогдвол Монгол Улстай стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монголын ард түмний түүх, баялаг соёлд хүндэтгэл үзүүлж, тус улсын Засгийн газарт тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслах болно гэдгээ илэрхийлэв.

Ричард Буанган нь 1999 оноос Төрийн департаментад ажилласан 23 жилийн туршлагатай дипломатч бөгөөд Гадаад харилцааны ахлах ажилтан, сайдын зөвлөх зэрэгтэй юм байна. Өмнө нь Иерусалим, Бээжин, Парис, Абижан зэрэг хотуудад томилогдон ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпеогийн Гүйцэтгэх туслах, Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Товчооны орлогчоор нь ажиллаж байжээ.