Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тусгай үүргийн нислэгээр манай улсад хийсэн нэг өдрийн ажлын айлчлал өчигдөр/2022.07.05/ өндөрлөлөө. Тэрбээр манай улсад айлчлаад Вьетнамыг зорьжээ.
Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхаж, Гадаад Харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийсэн юм. Үүнээс гадна олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцсон тухай мэдээлж байв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Гадаад хэргийн сайд нарын түвшинд
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатай.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
Хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллана.
Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар
ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.В.Володины Монгол Улсад хийх айлчлалын үеэр ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг эцэслэн тохиролцож батлах, Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна.
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины айлчлалын хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах зэрэг төслүүдийн талаар ярьсан бол Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров
Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.
ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Сайд С.В.Лавровын олон улсын асуудлаар илэрхийлсэн байр суурь олны анхаарлыг татаж, шүүмжлэлд ч өртөж байна.
Түүний хэлсэн үгээс онцолбол
Олон улсын асуудлаарх манай байр суурь, ижилхэн.
Орос, Монголын нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулахад санал нэгтэй байна.
Монгол Улс ШХАБ болон Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг өргөжүүлэх тодорхой саналуудыг хэлсэн.
Түүнчлэн сайд С.В.Лавровын айлчлалын үеэр эсэргүүцлийн жагсаалууд боллоо. Тодруулбал дайныг эсэргүүцсэн АН-ын гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө, Төрийн ордны гадаа Монголд амьдардаг украин иргэд болон монгол иргэд тайван жагсаал хийсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!