Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужин худалдааны төвийг онох үеэр 13 хүн алагдсан тухай Украинаас мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Украины төв бүсийн Кременчук хотын худалдааны төв Оросын пуужингийн цохилтод өртжээ.

Үүний улмаас 13 хүн алагдсан нь батлагдаж, 50 хүн шархадсан тухай Украинаас мэдээлж байна. Оросын армийн хоёр пуужин худалдааны төвийг онох үеэр тэнд 1,000 гаруй хүн үйлчлүүлж байжээ.

“Хохирлын тоо хэмжээг баримжаалах ч боломжгүй байна. Оросын талаас ёс журам, хүмүүнлэг чанарыг хүлээх хэрэггүй болжээ” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа бичсэн байна.

Полтав мужийн захирагч Дмитро Луниний мэдээлснээр 13 хүн амь үрэгдсэн нь эхний ээлжид батлагджээ. Нуранги дороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж буй тул энэ тоо цаашид өсөх нь тодорхой байна.

Хүнд шархадсан 21 хүнийг эмнэлэгт хүргэж, хөнгөн шархадсан 29 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

“Энэ бол энгийн ард иргэдийн эсрэг үйлдсэн террорист ажиллагаа” гэж хэлсэн Лунин худалдааны төвийн ойр орчимд цэргийн ямар ч байгууламж байгаагүйг мэдэгдсэн байна.

217,000 орчим оршин суугчтай Кременчук нь Полтав мужид, Днепр мөрний эрэгт оршдог аж үйлдвэрийн хот юм. Энд Украины хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр байдаг.

Худалдааны төвийг хоёр ширхэг X-22 алсын тусгалын пуужин оносон тухай Украины тал мэдээлжээ. Пуужингуудыг ОХУ-ын Калуга муж дахь Шайковка агаарын баазаас хөөрсөн Ту-22М3 бөмбөгдөгч онгоцноос харвасан байна.

НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайдын орлогч Дмитрий Полянский уг халдлагыг “Украины талын өдөөн хатгалга” гэж тодорхойлжээ.

“НАТО-гийн чуулганы өмнө Киевийн дэглэм Украинд анхаарал хандуулахад яг ийм зүйл шаардлагатай байсан” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

НАТО-гийн гишүүн орнуудын дээд чуулган өнөөдөр Испанийн нийслэл Мадрид хотод эхлэх юм.

Энэ чуулганаар Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг хэлэлцэх гэж байна.

 

Эх сурвалж: Reuters