Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ сүүлийн 100 гаруй жилийнхээ түүхэнд анх удаа гадаад өрөө хугацаанд нь төлж чадсангүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт ОХУ гадаад зээлдэгчдэдээ $100 саяын хүү төлөх сүүлчийн өдөр байсан юм.

Гэвч олон улсын эдийн засгийн хоригийн улмаас үүнийгээ төлж чадаагүй тул дефолт болсонд тооцогдож байна. Хамгийн сүүлд 1918 онд Большевикууд Оросын эзэнт гүрний гадаад өрийг төлөхөөс татгалзсан тул дефолт болж байжээ.

ОХУ-ын засгийн газарт мөнгө нь байгаа ч олон улсын банк санхүүгийн дэд бүтэц гүйлгээг нь зөвшөөрөөгүй тул ийм байдалд хүрсэн байна.

Украинд дайн эхэлсний дараа Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Москва гадаад өрөө цаг тухайд нь төлсөөр байв.

$100 саяын хүүгийн төлбөрийг төлөх хугацаа тавдугаар сарын 27-нд байжээ. Тухайн үед ОХУ-ын засгийн газар төлбөрөө Euroclear санхүүгийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Тус байгууллага мөнгийг цааш зээлдэгчдэд хуваарилах ёстой байжээ.

Гэвч мөнгө тэндээ гацаж, цааш төлөх боломжгүй болсон тухай Блүүмбэрг агентлаг мэдээлсэн байна.

Үүнээс хойш 30 хоногийн хүлээх хугацаа нь Ням гарагт өндөрлөсөн тул дефолт болсонд тооцож байгаа ажээ. ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов гадаадын хөрөнгө оруулагчид зээлийн хүүгээ хүлээж авч чадаагүй нь хоёр шалтгаантайг тайлбарлажээ.

“Нэгдүгээрт, гадаадын корреспондент банкууд, клиринг системүүд Оростой холбоотой гүйлгээг гүйцэтгэх боломжгүй болсон. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид хоригийн улмаас бидний төлбөрийг хүлээж авах боломжгүй болсон байна” гэж тэр ярьсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Энэ бол дефолт биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Нөхцөл байдал бүхэлдээ тавилттай жүжиг юм” гэж Силуанов ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC