Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ) өнөөдөр эхэллээ.
Уг шалгалтад зориулан бэлдсэн 49 байрны нэг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль. Монгол Улсын түүх хичээлийн шалгалтыг улсын хэмжээнд 1,500 гаруй хүн өнөөдөр өгсөн. Тэдний 43 нь дээрх сургууль дээр шалгалтдаа хамрагдлаа. Шалгуулагчид шалгалтаа өгсний дараагаар бэлдсэн хэсэгт цугларч, өөрсдийнх нь материалыг хэрхэн засаж байгаатай танилцан, анхны оноогоо мэдэж авцгаасан юм.
Улсын хэмжээн дэх бүх шалгалтын байрууд тус бүрийн мэдээллээ нэгдсэн системд илгээснээр Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс хэмжээст оноог тооцоолон, нэгдсэн жагсаалтыг тухайн өдөрт нь багтаан eyesh.eec.mn сайтад байршуулахаа мэдэгдээд байна.
Мөн зургаадугаар сарын 28-наас эхлэн шалгуулагчид батламж хуудсаа ТҮЦ машинаас эсвэл БҮТ-ийн сайтад нэвтэрч хэвлэн авах боломжтой.
КОВИД-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жил ЭЕШ-ыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дор зохион байгуулж байв. Харин энэ удаагийн шалгалт нь үндсэндээ хэвийн амьдралд шилжсэний дараах анхны ЭЕШ болж байна.
Эргэн сануулахад, Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болсон ээлжит бус хурлаар "Цар тахлын "Улбар шар" түвшинг "Шар" түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа" хэмээн тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв.