Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмэгтэйчүүд 14 хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгаж, халуун усны газраар үнэгүй үйлчлүүлбэл “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох боломжийг өгөх, мөн тухайн орон нутгийн өсвөр насны охид, хөвгүүдэд амьдралд нь нэн хэрэгтэй мэдлэг, мэдээллийг өгөх  зорилготой “Цаг өгье” төслийг Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд хувцас угаалга, халуун усны газрын хүлээлгийн танхим байгуулсан Мэдээллийн төвийн нээлт маргааш Орбитын тойрогт байрлах “Тунгалаг” үйлчилгээний төвд болно.

Мэдээллийн төвийн үйл ажиллагааг нээж, Монгол дахь Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, төсөлд хамтран ажиллаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр, “Тунгалаг” төвийн захирал Ц.Мөнхбаатар, 106-р сургуулийн захирал Ж.Одгэрэл нар оролцох юм.

“Цаг өгье” төсөлд сонгогдон хамрагдаж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалдаг эмэгтэйчүүд хоёр долоо хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгах, халуун усны газраар үнэ төлбөргүй үйлчлүүлдэг.

  • Энэхүү үйлчилгээг авснаар тэд дунджаар долоо хоногт “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой хэмээн төслийн баг үзэж байна.
  • Ингэснээр, охид, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд өөртөө, гэр бүлдээ, улмаар орон нутагт, нийгэмдээ “цаг гаргах” боломжийг олгосноороо энэхүү “Цаг өгье” төсөл, наанадаж нийгэм эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн дээр дурдсан мэдээллийн төвийг байгуулснаар тус дүүргийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус  мэдээллийн төвд байрлуулсан ном, товхимол уншиж, интернэтийн үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд хотын төвөөс алслагдсан орчинд ч иргэд мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон байна.  

Сонгинохайрхан дүүргийн нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Ядуурлын түвшин нь нийслэлийн дунджаас 7.6 хувиар өндөр.

Түүнчлэн, 2021 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хорооноос хамтран хийсэн “Монгол Улсын КОВИД-19 цар тахлын үед охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн судалгаан”-аас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн захын хороодын өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядууралд илүү өртсөн байна.

“Цаг өгье” төслийг хэрэгжүүлэх олон шалтгаан буй ч цөөн тоо баримтыг дурдвал,

  • Нэгдүгээрт, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү хугацааг гэрийн ажил, хүүхэд, өндөр настан, эсвэл өрхийн гишүүдийг асрах гэх мэт “хөлсгүй” ажилд зарцуулдаг
  • Хоёрдугаарт, нийслэлд оршин суугаа өрх толгойлсон эхчүүдийн бараг тэн хагас нь /44хувь/ 3-5 хүүхэдтэй байна. Олон хүүхэдтэй байх тусмаа эмэгтэйчүүдийн “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг цаг их байх хандлагатай. Тухайлбал, тэд хувцас угаах, ус зөөх зэрэгт зарцуулж буй хугацаа буурснаар өөрсдөдөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломжийг “Мэдээллийн төв” олгохоор зорьж буй.
зураг
 

Энэхүү төсөл нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, зөв дадал зуршилд уриалах, иргэдийн эрүүл мэнд, мэдлэг мэдээллийг сайжруулах, улмаар тухайн нутаг дэвсгэр дэх иргэдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж байна.

Дэлхийн Банкнаас “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь бүтээмжийг дээшлүүлж, нөөцийг илүү үр ашигтай ашиглах замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгадаг” талаар онцолсон байдаг. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хотын захын хороололд нэн шаардлагатай байгаа хувцас угаалга, халуун усны газрын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байна.

Түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголт, орчин нөхцөлөөс шалтгаалан тэгш бус хуваарилагдсан цаг хугацааг охид, эмэгтэйчүүдэд өгөхийг зорьж буй нь энэхүү төслийн ач холбогдлыг үлэмж нэмэгдүүлж байна.