Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тулгат: Үндэсний эрх чөлөөний үзэл баримтлалыг уландаа гишгэсэн хүн АН-ын даргаар бүртгүүлэх гээд чичирч байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын/АН/ удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын сонгосон дарга М.Тулгат "Бидний хэлмэгдсэн өвөг дээдэс 30-40 мянган хүн байдаг. Энэ хүмүүс үндэсний эрх чөлөөнийхөө төлөө хядуулж байсан. Өнөөдөр энэ цаг мөчид бид үндэсний эрх чөлөөгөө хамгаалъя гээд энд зогсож байна. Ардчилсан Нам үндэсний эрх чөлөөний тухай ярих болов гэхээр олон улсын нөхцөл байдалд ОХУ болон Украины дайн гэдэг хоёр орны дайн биш үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй дайн юм.

НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн эрхт тусгаар тогтносон Украин руу хожуу хөрш орон нь ямар ч шалтгаантай байсан нэг ч алхам цөмрөн дайрч, зэвсэглэн орж болохгүй. Үүнийг мөн адил бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэд бид дэмжээд, юу ч болоогүй юм шиг хараад зогсож болохгүй. Үүний дараагийн бай нь манай орон байх өндөр эрсдэл, магадлалтай. Монгол орныхоо эдийн засаг, нийгмийн бүх бодлогоо аль нэг орноос хараат бусаар өөрсдөө бие даан шийдвэрлэх, өөрсдийн хувь заяандаа эзэн болоод явах үндэсний эрх чөлөөгөө бид ярьж байгаа юм.

Үндэсний эрх чөлөө, бүрэн бүтэн байдлын төлөө Ардчилсан Нам/АН/ хамгийн хатуу байр суурьтай зогсох байтал зарим нэг нөхөр үүний эсрэг зүйл яриад явж байна. АН-ын даргаар өнөөдөр бүртгүүлэх гээд буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжиж буй хүмүүсийн амнаас энэ хүн гарч байж АН ялна гэдэг нэг л үг гарч байна. Улс төрийн нам үзэл санаа, бодлогыг дэвшүүлж түүнийг ялалтад хүргэдэг болохоос нэг хүнийг дагаж бүгдээрээ ялъя гэдэг нэгдэл бус. 

АН-ын толгой тархи нь эргэчхээд байгаа нөхөд хууль болон намын дүрмээ уншаад үзээрэй. Албан ёсны Ардчилсан Нам чинь энд байна. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ хүний эрхийн төлөө юу хийсэн бэ. Ковидын үеэр гадаадад гацсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй, хүүхдүүд дэлхийн боловсролоос хоцорсон, бизнесүүд хаалгаа хаасан энэ үед хаана байсан. Эгийн голын цахилгаан станц, төмөр замын ажил яагаад гацаад байна. 

Үндэсний эрх чөлөөний бүх үзэл баримтлалыг уландаа гишгэсэн хүн ичихгүйгээр өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэх гээд чичрэн дайрч байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний эсрэг хатуу тэмцэнэ" хэмээн ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав