Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрхийн эмч нар иргэдэд зүрх, судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийж, зөвлөгөө өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрхийн эмч нар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр болжээ.

Уг арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг асуумжаар үнэлэн, артерийн даралт хэмжин, сахар, холестерин үзэх шинжилгээ, зүрхний бичлэг хийх бөгөөд биеийн бүтцийг оношилж, зөвлөгөө өгөх аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа "Өрхийн эрүүл мэндийн төв гэдэг бол иргэнд нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байдаг чухал бүтэц юм. Энэ бүтцийн хүрээнд нийт аймаг, нийслэл, хот тосгонд 206 өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 19 салбар гээд нийт 225 тогтолцооны байгууллага ажиллаж байна.

Бид удаа дараа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг стандартын дагуу бүрэн эмч нараар хангахыг шаардаж байгаа. Одоогоор 20 хүний гүйцэтгэх ажлыг аравхан хүн гүйцэтгэж байгааг хэлье.

Маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр Дэлхийн Өрхийн эмч нарын өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10:00-14:00 цагийн хооронд үзлэг хийх арга хэмжээг зохион байгуулна.

Мөн ирэх амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ӨЭМТ-ийн тамирчид волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөх тэмцээнийг зохион байгуулж байгаа.

Бид энэ өдрийг аль болох бүтээлчээр, хамт олныхоо урам зоригийг сэргээсэн, эмч нарын нэр хүндийг сэргээсэн үйл ажиллагааг явуулахыг зорьж байна.

Мөн тэрбум мод хөдөлгөөнд ӨЭМТ-ийн бүх ажилчид хамрагдаж нийт 9,000 мод тарих зорилт тавих ажиллаж байна” хэмээн ярилаа.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны УЗ-ийн Нарийн бичиг Ж.Алтантуул "Маргаашийн үйл ажиллагаа "Өрхийн эмч таны зүрхэнд" уриатайгаар зохион байгуулагдана.

Зөвхөн 2021 оны статистик үзүүлэлтийг харахад, нийт нас баралтын 32.8 хувийг зүрх судасны өвчин дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчнийг эрт илрүүлж эмчлэх арга хэмжээ авахгүй бол тархины цус харвалт болон зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барах тохиолдол их байгаа юм.

Бид тус арга хэмжээний үеэр тухайн хүнд зүрх судасны өвчний ямар эрсдэл байгаа болон цаашид юун дээр анхаарах вэ гэдэг дээр үзлэг зөвлөгөө өгөх юм. Иймд иргэд өргөнөөр оролцохыг уриалж байна” гэсэн юм.