Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдаваа: Инфляц ганц манай улсын биш дэлхийн зовлон болоод байна

Өдрийн сонин
2022 оны 5 сарын 18
Өдрийн сонин
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.

-Статистикийн хороо өнөөдөр (өчигдөр) өнгөрсөн дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн саруудын эдийн засгийн анхаарал татсан тоонуудыг ярихаас өмнө дэлхийн эдийн засгийн өнөөдөр, маргаашийн талаарх олон улсын байгууллага, шинжээчдийн таамаглалуудыг сонирхмоор санагдлаа. Дайн дэлхийн эдийн засагт улам л сөрөг нөлөө үзүүлээд байх шиг...?

-Дэлхийн эдийн засаг Орос, Украины дайнтай холбоотойгоор сөрөг болоод эхэллээ л дээ. ОУВС-гийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаас харахад тэд нэгдүгээр сард хийсэн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 хувиар бууруулсан байна лээ. Тэдний таамгаас харахад, дэлхийн эдийн засаг 2022 онд 3.6 хувийн өсөлттэй гарахаар байгаа. Тэр дундаа ОХУ-ын эдийн засгийг 8.7 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргачихсан. Шалтгаан нь мэдээж дайнаас үүдэлтэй хоригууд. Урд хөршийн тухайд эдийн засгийн өсөлт нь 2021 онд 8.1 хувьтай байсан бол 2022 онд 4.4 хувьтай гарна гэсэн төсөөлөл байна. Хятад улс эдийн засгийн өсөлтөө 6 орчим хувьд барих гэж оролддог. Гэтэл ковидын эсрэг хэрэгжүүлж яваа хатуу арга хэмжээнээсээ болоод эдийн засгийн өсөлт нь энэ хувиасаа доошлох нь тодорхой болчихлоо л доо. Цар тахал гарангуут том хотууд, үйлдвэрийн районуудаа хаачхаад байгаа нь эдийн засгийн өсөлтөд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Шинжээчдийн ам нэгтэй байгаа дэлхийн гол эрсдэл бол инфляц. АНУ, Европын холбоо, хөгжингүй улсуудад сүүлийн дөчин жил ажиглагдаагүй өндөр инфляц ажиглагдлаа. АНУ-ын инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 8.3 хувь, Европын холбооных 7.5 хувьд хүрчихсэн. Европын зарим орны инфляц манайтай адилхан байна. Чехийн инфляцын түвшин гэхэд л 14.2 хувиар хэмжигдэж яваа. Польшийн инфляц 12 хувь хүрлээ. Хойд хөршийн инфляц 16.7 хувь, Туркийнх бүр 70 хувьтай байна. Үнийн өсөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж, арга хэмжээ авах ёстой гэж ярьж байгаа. Товчхондоо инфляц ганц манай улсын биш дэлхийн зовлон болчихлоо. Тэр утгаараа том төв банкууд шийдэл гаргаж эхэлсэн. Ялангуяа АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмээд эхэллээ. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөчихлөө. 2006 оноос хойш ажиглагдаагүй өндөр түвшний нэмэлт л дээ. Америкийн хувьд бодлогын хүүгээ нэг удаа ингэж огцом нэмсэн түүх сүүлийн арваад жилд тохиогоогүй.

-Дэлхийн том улсуудын төв банкууд бодлогын хүүгээ нэмээд эхэлчихээр бидэнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Манай улс руу оруулж буй хөрөнгө оруулалт, зээлийн хүүний өртгийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Засгийн газрын өнгөрсөн жил гаргасан долларын бондуудын дундаж хүү нь 3 орчим хувьтай байсан бол одоо 5, 6 хувь болоод өсчихлөө. Ер нь эрсдэл өндөртэй улсууд, хөгжингүй орнуудын бондын хүүгийн түвшин он гарснаас хойш 1 орчим хувиар нэмэгдэж байна. Дахиад онцлоход, манай руу орж ирэх зээл, хөрөнгө оруулалтын хүүний зардал нэмэгдэх эрсдэл бодитой болчихлоо. Өөрөөр хэлбэл, бидний гадагш төлөх зээлийн хүүний зардал нэмэгдэнэ.

-Дэлхийн эдийн засгийн бууралт, тэр дундаа урд хөршийн эдийн засгийн агшилт манайд шууд утгаараа нөлөөлөх нь тодорхой. Яг ямар сөрөг нөлөөллүүд ажиглагдаж байна вэ?

-Хятадын хөл хорионы дэглэм хэр удаан үргэлжлэхээс манай эдийн засаг яах нь хамаарах гээд байна л даа. Хятадаас авдаг импортын хувьд өнгөрсөн жилийн аравдугаар сараас, гол экспортын боомтуудын тухайд ноднингийн тав, зургадугаар сараас үйл ажиллагаа нь хэвийн бус болсон. Хятадын талаас хааж, нээж, хязгаарлалт тавьсаар ирлээ. Энэ байдал манай эдийн засагт маш том цохилт болсон, болсоор ч байна. Та санаж байгаа бол өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдийн засаг 14.8 хувийн өсөлттэй байсан бол оны эцэс гэхэд 1.4 хувь болж буурсан. 2022 оны нэгдүгээр улиралд манай эдийн засгийн өсөлт 3.8 хувиар буурсан. Энэ агшилтад гол нөлөө үзүүлсэн хэсэг нь уул уурхайн салбар. Экспортод бүтээгдэхүүн нь гарахгүй болчихоор уул уурхайн голлох компаниуд олборлолтоо зогсоосон. Үүнийг дагаад уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес хумигдаад байгаа. Жишээ нь, химийн бодис, тэсрэх бодисын үйлдвэрлэл, нийлүүлэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад 78 хувиар буурчихсан, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар.

-Уул уурхайн салбар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай яриа руугаа эргээд оръё. Уул уурхайн агшилт эдийн засагт яг хэр хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн бол?

-Уул уурхайн агшилт эдийн засаг 6.1 хувиар буурахад нөлөөлсөн. Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг автомашин, төмөр замаар тээвэрлэдэг. Ноднин жилтэй харьцуулахад оны эхний гурван сард автомашинаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 60 хувиар буурсан. Төмөр замаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 20 гаруй хувиар буурчихсан. Энэ нь эдийн засагт -1.3 хувийн нөлөө үзүүлсэн. Аж үйлдвэрийн салбарт химийн бодис, тэсрэх бодисын борлуулалт, үйлдвэрлэл буураад ирэхээр тухайн салбар эдийн засагт -0.9 хувийн нөлөө үзүүлчхэж байгаа юм. Ингээд харахаар манай эдийн засаг том зургаараа 3.8 хувиар агшчихсан гэсэн үг.

-Инфляц өндөр байна, цаашид ч өсөх эрсдэл бий. Инфляцын өсөлтийн шалтгаан нь юу байна?

-Инфляц дээр Орос, Хятад хоёулаа нөлөөлж байна л даа. Хятадын тухайд гэхэд л гол үйлдвэрлэлийн раойн, хилийн боомтууддаа хөл хорио тогтоосон нь манайд үнийн өсөлт хэлбэрээр нөлөөлж байна. Орос, Украин хоёр хөдөө аж ахуй, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний гол тоглогчид. Энэ хоёр нийлээд дэлхийн наранцэцгийн тосны хэрэглээний 70 хувийг нийлүүлдэг. Улаанбуудайн 30, бордооны 15, нефтийн 10 хувийг нийлүүлдэг. Ийм шалтгаанаар дэлхийн даяар хүнс, нефтийн үнийн өсөлт асуудал болж байгаа. Товчхондоо дэлхий даяар инфляцын эсрэг явуулж буй мөнгөний хатуу бодлого, Хятадын цар тахлын эсрэг бодлого, дайны нөхцөл байдал Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт -3.8 хувийн агшилттай, инфляц 14.4 хувийн өсөлттэй гарсанд гол нөлөө үзүүлсэн зүйл гэвэл миний сая дурдсан гадаад шалтгаанууд.

-УИХ өнгөрсөн сард олон улсын хямралт нөхцөл байдлын үед гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тухай хууль баталсан. Бүр тодруулж хэлбэл мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүнийг онцолж байгаа. Энэ хуулийн нөлөөлөл инфляцад эергээр нөлөөлөх янз байна уу?

-Улсын инфляцын дөрөвдүгээр сарын байдлыг харахад гуравдугаар сарынхтайгаа ижил түвшинд анзаарагдсан.

Гуравдугаар сард 13.4 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард яг тэр янзаараа байсан гэсэн үг. Улаанбаатарын хэмжээнд гэж яривал 15.8 байснаа 15.2 болж буурсан.

Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн хурдац тогтворжиж байна. Гэхдээ үнийн өсөлт явагдсан хэвээр байгаа. Махны үнэ өнгөрсөн жилийн тухайд хаврын улиралд сард 10 хувийн өсөлттэй байсан бол одоо 2 орчим хувь руу орж удааширлаа. Энэ жил хаваржилт дажгүй байсан гэдэг утгаараа өнгөрсөн онтой харьцуулахад малын хорогдол 90 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт талаасаа тасалдал гэх мэт асуудал байсангүй. ХХААХҮЯ махны нөөц бүрдүүлэлтээ дажгүй хийсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханшийг харахаар шатахууны үнэ литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүсчхээд байсан. УУХҮЯ шатахууныг 25 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдаж авах хэлэлцээрийг Оросын талтай хийж байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэлэлцээр ажил болчихвол шатахууны үнэ өнөөгийн түвшиндээ хадгалагдах боломж бүрдэнэ. Ингэвэл инфляцад тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Хэрвээ шатахууны үнэ зах зээлээ дагаад литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэж, махны үнэ өнгөрсөн жилийнх шиг 10 хувиар өссөн бол инфляц 17 хувь руу орох эрсдэл байсан. Өөрөөр хэлбэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч чадвал үнийн өсөлтийн хурд буурах болов уу.

-Бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн идэвхжилт эрчээ авдаг үе гэдэг утгаараа зээлийн хэмжээ өссөн байх. Яг хэр хэмжээгээр өсөв, чанаргүй зээлийн хувь ямархуу байгаа бол?

-Зээлийн хувьд 20 гаруй хувийн өсөлттэй гарсан. Иргэд, хувийн хэвшлийн зээл хоёулаа өсөлттэй яваа. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 13 хувь болж буурсан. Банкны салбарын эрүүл мэндийн хувьд муудсан үзүүлэлт харагдахгүй байна. Гэхдээ бид энэ тоон дээр болгоомжтой хандах ёстой. Учир нь активын ангиллын журам дээр хөнгөлөлт үзүүлчихсэн. Ипотекийн зээл дээр гэхэд л иргэд он дуустал хөнгөлөлт авчихсан яваа. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдийн хугацаа дууссаны дараа буюу хойтон жилээс зээлийн чанарын бодит үнэлгээ гарч ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа ОУВС активын чанарын үнэлгээ хийсний дараа том банкнуудынхаа IPO-г эхлүүл гэсэн зөвлөмж өгсөн. Элдэв хөнгөлөлттэй ийм үед зээлийн чанар бодит зургаараа гарахгүй, тийм учраас үнэлгээ хийсний дараа IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гээд байгаа юм л даа. “Анод”, “Зоос” банкны муу туршлагууд бий. Тодруулж хэлбэл, хувьцаа гарсны дараа банкууд нь дампуурсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, банкны салбар өнөөхөндөө эрүүл мэндийн хувьд сайн харагдаж байгаа ч болгоомжтой байх үүднээс активын чанарын үнэлгээ хийсэн нь зөв шийдэл.

-Өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад өнөө жилийн эхний улирлын импортын хэмжээ хэр байв?

-Эхний дөрвөн сарын байдлаар импорт 388 сая ам.доллароор өссөн. Үүний дөч гаруй хувь нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан. Нефтийн бүтээгдэхүүн тоо хэмжээний тухайд нэмэгдээгүй. Уул уурхайн олборлолт, тээвэр буурчихсан учраас өсөх нөхцөл байсангүй. Импортын хэмжээ өсөхөд нөлөөлсөн дараагийн шалтгаан бол автомашин. Автомашины импорт оны эхний гурван сарын байдлаар 30 гаруй сая ам.доллароор буюу 27 орчим хувиар өссөн. Хүнсний бүтээгдэхүүний тухайд 39 хувийн өсөлттэй гарлаа. Шалтгаан нь үнийн өсөлтөөс улбаатай. Тансаг хэрэглээгээ танах ёстой гэж ярьж байгаа ч бид чөлөөт эдийн засгийг сонгосон улс. Тохиргоо хийе гэвэл татвар, ханшийн зохицуулалт хийх гарц бий. Түүнээс биш тэр машиныг импортолж болохгүй гэх мэтээр шууд хориг тавивал хар зах зээл үүсэх, авлига хахууль өсөх гол шалтгаан болно.

-Нүүрс, зэсийн экспорт түрүү жилийн өдийгөөс ямархуу байна?

-Нүүрсний экспорт эхний гурван сарын байдлаар 3.8 сая тонн гарсан. Гэтэл түрүү жилийн эхний гурван сард 7.5 сая тонныг гаргаж байсан. Өнөө жилийн төсвийг анх батлахад 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч жилийнхээ гуравны нэгд аравхан хувийг нь гаргасан гэсэн үг. Ийм шалтгаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр нүүрсний хэмжээг бага зэрэг бууруулсан. Гэхдээ нүүрсний үнийн өсөлт татварын орлогыг нөхнө гэсэн тооцоог Сангийн яамныхан гаргасан. Газрын тосны тухайд ноднин өдийд 1.9 сая баррелийг экспортолж байсан бол өнөө жил 36-хан мянган баррелийг гаргаад байгаа. Төмрийн хүдэр 2.6 сая тонн экспортолж байсан бол энэ жил 1 сая тонныг гаргасан статистик байна. Гадаад худалдаа эхний дөрвөн сарын байдлаар 450 сая ам.долларын ашигтай гарсан нь ганцхан шалтгаантай. Тэр нь түрүүн онцолсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Биет хэмжээний бууралт оны эхний гурван сард 1.6 тэрбум ам.доллар байсан бол үнийн өсөлтийн нөхсөн хэмжээ нь мөн л 1.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна л даа.

-Хил боомтын байдал хэвийн янздаа орвол экспортоос өндөр орлого олох боломж байна даа уг нь...?

-Харин тийм, хил хэвийн нөхцөлдөө орвол маш их хэмжээний долларыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоосоо олох боломж байна.

-Урд хөрш zerocovid бодлогоо он дуустал үргэлжлүүлнэ гэсэн шинжээчдийн таамаг бий. Тэр таамаг хэвээрээ байна уу?

-Тэр таамаг хэвээрээ байгаа. Манай улсын энэ жилийн эдийн засгийн төсөөллийг Монголбанк, Сангийн яам 2.6 хувь гээд гаргачихсан. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаад буцахдаа 1 хувь гээд төсөөлчихлөө. ОУВС ноднингийн 11дүгээр сард өнөө жилийн эдийн засгийг 7 хувьтай гарна төсөөлсөн. 7 хувиас 1 хувь руу огцом бууруулсан нь цаанаа ганц шалтгаантай. Хятад улс энэ жил хилээ нээхгүй байх эрсдэл байгаа гэсэн үг. Гэхдээ ихэнх судлаач, шинжээчийн байр суурь нэг зүйл дээр нэгдэж байна. Манай эдийн засаг дунд хугацаандаа эерэг дүр зурагтай гарахаар байгаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас хил нээгдээд эхлэнгүүт экспортын орлого огцом өснө. Тодруулж хэлбэл, 2023-2025 он хүртэл манай эдийн засаг 5-7 хувийн өсөлттэй гарна гэсэн таамаг голлож байна.

-Хятадын тухайд ирэх жилээс хилээ бүрэн нээчихвэл эдийн засаг бодит утгаараа өсөөд явчих юм байна. Урд хөрш ковидтойгоо дасан зохицох замыг сонгох нь тодорхой байгаа гэсэн үг үү?

-Шинжээчид “Хятадын шинжилгээ авч байгаа зардал нь топ 100 компанийнхаа жилд төлж яваа татвартай дүйж байна. Үүнийгээ дагаад ажилгүйдэл гэх мэт олон асуудал үүснэ” гэж онцлоод эхэлчихсэн. Тэгэхээр Хятад улс яалт ч үгүй шинэ нөхцөл байдалдаа дасахаас аргагүй болох байх. Ингээд харахаар дунд хугацаандаа манай эдийн засаг эерэг дүр зурагтай байгаа.

Зураг