Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Роттердам хотоос ирсэн тэмдэглэл: Боловсролын зуу гаруй жилийн хоцрогдлыг нөхөхийн тулд бид хоосон омогшил бардамналаасаа салах хэрэгтэй

ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN

Бардамналаасаа болж унасан тухай соёл иргэншлийн олон түүх анхааруулж, үүнээс сэргийлэх сургамжийг хойч үедээ өвлүүлэх гэж хичээж ирсэн байдаг. Гол санаа нь сонор сэрэмжтэй байх явдал. Эртний Египетчүүд хүний нүдийг шүтдэг нь цаг хугацаа, орон зайгаар дамжсаар өнөөдөр Америк улсын нэг долларын мөнгөн дэвсгэрт дээрх пирамидын орой дээр хүртэл дүрслэгдсэн байх жишээтэй. Энэ нь, нийгмийн тогтолцоог бат бэх хэвээр байлгахад холын хараа, сонор сэрэмж нэн шаардлагатайг илэрхийлсэн гэдэг. (Wilson, 2020).

зураг
 
Эх сурвалж: Alamy

Тэгвэл, манай өвөг дээдэс ч бидэнд сонор сэрэмжтэй байхыг үлгэр домгоороо, нэг жишээ гэхэд Эрхий мэргэний үлгэрээр дамжуулан сануулахыг хичээсэн нь бий. Эрхий мэргэн ур чадвартаа хэт эрдсэнээс болж өөрийгөө орчлон хорвоо дээрх амьдралыг тэтгэгч нарнаас хүчтэй хэмээн боджээ. Цаашид суралцах шаардлага байхгүй, бүгдийг чадна гэсэн ухвар мөчид хандлага нь түүнийг хараахан мэдэхгүй, чадахгүй зүйлдээ хайхрамжгүй, бүр үл тоомсорлоход хүргэсэн гэж болно. Цааш нь, "долоон нарыг долоон сумаар харваж" чадаагүй, хэт бардам зангаасаа болж тэр харанхуй нүхэнд үүрд амьдрах болсон тухай домогт өгүүлнэ. Эрхий мэргэнд, чухамдаа даруу зан төлөвт зайлшгүй шаардагдах сонор сэрэмж гээч зүйл дутсаны хор уршгийг харуулсан энэ түүхээр өвөг дээдэс маань бидэнд амьдралын чухал сургаалуудынхаа нэгийг сануулан үлдээх гэж оролдсон бус уу.

зураг
 
Монсудар - Жангар редакц, Эрхий мэргэн зурагт ном

Гэтэл өнөөдөр бид даруу төлөв зан, анхаарал сэрэмжийг ор тас үгүй хийсний тод илрэл болох омогшил бардамналыг дээдлээд байх шиг. Омогшин бардамнах гол үндэс суурь маань байгаа билээ? Бидний уламжилж авсан ёс заншил. Чингис хаан. Мэдээж тэнд бидний түүх, бахархал, сургамж бүгд байгаа. Гэхдээ өнгөрсний гавьяагаар амьдарч болоод байхад өнөөдрийг анхаарах шаардлагагүй гэж үзээд байгаад гол учир байгаа юу? Өнөөдөртөө анхаарахгүй хэр нь сайн сайхан ирээдүйг хүснэ, хүлээнэ. Гэтэл соёл иргэншлийг жинхэнээр тэтгэн урагшлуулах хүч чинь өнөөдрөөс бүтэх учиртай биш юм уу? Энэ бүхэн яагаад ч юм, эцгийнхээ нэр төр, хийсэн гавьяа зүтгэлээр нь амар хялбар амьдрах санаатай яваа айлын эрх хүүхдийг санагдуулна. Маргаашийн залгамж, хойч үеийнхээ төлөө өнөөдрийн асуудлыг шийдэж, нийгмээ урагшлуулж явах ёстой байтал бид хөгшин залуугүй, төр засаг, иргэдгүй бүгд л байшин барилгыг бүтээн байгуулалт гэж үзэн, хөгжил дэвшлийн ямар ч бодлого төлөвлөлтгүй, өнөө маргаашийн амьжиргааны асуудалдаа түүртэн яваагаа өөрийн мэдэлгүй л өнгөрсний бахархлаар нөхөх гэж хичээгээд байгаа юм шиг.

Бидний ирээдүй, үр хүүхдүүдийн маань эрүүл мэнд, боловсролоос ихээхэн хамаарна. Эх орондоо хувь нэмэр оруулах цаг нь ирэхэд залуусыг маань ямар асуудал, бэрхшээл хүлээж байх бол? Хамгийн чухал асуудлуудыг шийдвэрлэх чадварыг хэр найдвартай эзэмшсэн байгаа вэ? Асар хурдтай, төсөөлшгүй нөөц боломж бүхий мэдээллийн зуун аль хэдийнээ эхэлчихсэн, улам эрчлэн буй цаг үед хүүхэд залуучуудаа бэлдэхийн тулд бид юу хийж байна вэ?

зураг
 
Эх сурвалж: Paula Bronstein Photojournalist

Мэдээлэл технологийн эринд бэлтгэх тухайд бид юуг бусдаас суралцаж болох вэ?

Мэдээлэл технологийн эрин үед мэдээлэлд удирдагддаг биш, харин мэдээллийн чадварлаг боловсруулагч, ашиглагч байх нь чухал. Аливаа мэдээлэлд шүүлтүүр тавих чадваргүй байх нь ажил, амьдралаа чанар муутай мэдээлэл дээр үндэслэхэд хүргэдэг. Үр дүнд нь наад зах нь хүмүүс хэнтэй, хэзээ сууж амьдрахаа эсвэл ямар мэргэжил эзэмшихээ өөрийнхөө хэрэгцээ шаардлага, үзэл бодолд тулгуурлаж биш, харин бусдын үгээр (эцэг эх, эмээ өвөө цаашилбал зурхай, лам, бөөгийн хэлснээр) шийдэж амьдрах үзэгдэл ихэснэ. Цаашилбал мухар сүсэг, үндэслэл судалгаагүй мэдээ, сурталчилгаа, улс төрийн ухуулгад ихээр автана. Мэдээлэл технологийг үндэслэгч Америк улс энэ асуудлыг эртнээс тооцоолж, 1835 оноос, номын сан бол хүүхэд багачуудын мэдээлэлтэй харилцах чадварыг сайжруулах чухал үндэс суурь хэмээн тунхаглан, ажил хэрэг болгосноор өнөөдөр Америк улс даяар 99,076 сургуулийн медиа номын сан “бүх сурагч, багш нарыг мэдээллийн чадварлаг эзэмшигчид болгох” үндсэн зорилтын дагуу өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна (American Library Association, 2022), (Coatney, 1998). Номын санд хүүхдүүд асар их мэдээлэлтэй харьцаж, түүнийгээ цэгцтэй, оновчтой ойлголт болгоход шаардлагатай эргэцүүлэн бодох чадварт суралцдаг байна.

зураг
 
Эх сурвалж: bwls.net /Big Walnut Middle School in Sunbury, Ohio/

Гэтэл Монголд 2022 оны байдлаар, ойролцоогоор 800 улсын ЕБС сургууль номын сангийн гэхээсээ илүү хуучин номын агуулахын үйл ажиллагаа явуулж байна.

зураг
 
Эх сурвалж: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн номын сан 2021, Зургийг Э.Цэнгэлсайхан

Харамсалтай нь, хүүхдүүд эрх ашгийнхаа төлөө зогсох гэж юу болохыг мэддэггүй болохоор энэ тал дээр тэднээс юу ч хүлээх аргагүй. Боловсролын шинэчлэлийн, ер нь боловсролын тухай гоё сайхан яриа олон ч, боловсролын яамны болоод төрийн “бодлого”-ын босгыг давж сургууль, цэцэрлэгт бодит үр дүнтэй ажил болдог нь нэн ховор. Энэ бол, ирээдүйн иргэд, цаашлаад тусгаар тогтнолын маань баталгаа болох хүүхдийн сурах, боловсрох эрх ашгийн төлөө шийдэмгий зогсох, бүх нийтийн оролцоог бий болгох нь өнөөгийн нэн тэргүүлэх асуудал болоод байгаагийн ганцхан жишээ юм.

зураг
 
Монсудар, Жангар редакц, Монгол хүн цуврал

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэнэ өвөртлөн харина.” - Д. Нацагдорж

Энэ хавар надад Голланд улсад боловсролын системтэй холбоотой асуудлаар жаахан юм үзэж харах завшаан тохиосон юм. Тэнд хүүхдүүдийг мэдээллийн зуунд бэлтгэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулж, төрийн зөв бодлого дагуу дэд бүтэц дээр түшиглэсэн хэчнээн найдвартай, боловсронгуй тогтолцоо бий болгосныг харж гайхан биширлээ. Номын сангийн үйл ажиллагаа нь яг л амьд организмын цохилж буй зүрх шиг, төв номын сангаас галт тэрэгний буудал, гудамж хүртэл, сургуулийн номын сангаас багшийн номын сан хүртэл өөр хоорондоо нягт уялдаатайгаар оршин тогтнодог байна. Роттердамын төв номын санд уг хотын түүхэн философич Эразмусын тухай хүүхэд залуучуудад зориулсан сонирхолтой, хөгжилтэй музей үзвэр байхыг, бас дунд сургуулийн нэгэн ангид хүүхдүүд ангиараа Эразмусын тухай уншиж мэдсэний дагуу үзүүлэнгийн самбар хийж байхыг би тэр өдрийн явцад харлаа. Роттердамд амьдарч байгаа хүүхэд бүрд Эразмусын философи, бодол санаа, итгэл үнэмшил, Голланд болон Дэлхийд үзүүлсэн нөлөөний тухай боловсронгуй мэдлэг авах боломжийг бүх талаар нь бүрдүүлж өгчээ.

зураг
 
Эх сурвалж: erasmushoudtjescherp /Centrale Library Rotterdam/
зураг
 
Эх сурвалж: erasmushoudtjescherp /Centrale Library Rotterdam/

Намайг дагуулж явсан педагогич (сурган хүмүүжүүлэгч) мэргэжилтэн нэгэн бага сургуулийн хаалгыг тогшиход сургуулийн дотоод ажилтан үүдээ нээн бидний хэрэг зорилгыг сонирхов. Бид ч зорьж ирсэн учраа тайлбарлалаа. Дотоод ажилтан сургуулиараа тойрч, бидэнд үйл ажиллагаагаа тайлбарлангаа багш нартаа ч мэдэгдэж, зөвшөөрөл авч харагдсан. Ингээд, 1-8 дугаар анги хүртэлх үйл ажиллагааг бодит байдал дээр нь харах бүрэн боломжийг олж авлаа. Анги болгон ямар онцлогтой, үйл ажиллагаа нь хэчнээн их утга агуулгатай байгааг харж гайхширахын хажуугаар өөрсдийнхөө байдлыг ч дотроо жишин, дүгнэлт хийхээс аргагүйд хүрч байв. Анги ахих тусам заах аргачлал ихэд өөрчлөгдөж байгаа хэр нь өөр хоорондоо айхтар нягт уялдаатай байх юм. Гэхдээ, Монголын маань нөхцөл байдлаас илт ялгарч харагдсан зүйл нь гэвэл, ямар ч сургуулийн ажилтнууд юуг ч нууж хаахгүй (нууж хаах зүйл ч бага л биз), ямар нэгэн болгоомжлолгүйгээр ажил хэрэг, юу хийж байгаагаа харуулах, хуваалцах сонирхолтой, бас биднээс ч гэсэн аль болох ихийг сонсох дуртай нь илт ажиглагдсан явдал байв.

Эцэст нь, наймдугаар ангиар орж, дагуулж яваа мэргэжилтэн маань хичээллэж байсан хүүхдүүдтэй танилцууллаа. Хүүхдүүд биднээс олон юм асуугаад байсан тул багш нь хичээлээ хийж дууссан гурван сурагчийг ангиас гарч бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн юм. Тэд ямар ном уншдаг, сурах бичгүүдээ яаж ашигладгаа, тэдгээр нь сурахад яаж тус дэм болдгийг илэн далангүй бидэнтэй хуваалцсан. Манай мэргэжилтэн тэднээс том болоод хэн болох хүсэлтэйг асуухад нэг охин, “Та намайг нэг л өдөр зурагтаар харах болно... Би маш чадварлаг хөлбөмбөгчин болно” гэхэд, өөр нэг хүү “Та, тэр дээр өлгөсөн байгаа зургийг харж байна уу? Тэнд маш сайн тогоочийн сургууль байгаа юм. Би нэг л өдөр тийшээ элсээд мундаг тогооч болно” гэж итгэл дүүрэн хэлж билээ. Наймдугаар ангид хэр нь сэтгэн бодох, харилцах чадвар, ярилцах дадал зуршил нь яасан ч сайн төлөвшчихсөн юм, хамгийн гол нь хүсэл зорилгоо ул суурьтай, итгэл үнэмшлээрээ тодорхойлчихсон байсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм санагдсан. (Мэдээж Монголд маань ч гэсэн ийм хүүхдүүд зөндөө л байгаа. Тэднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг нь хангана гэдэг бидний хувьд хамгийн чухал асуудал).

Цаашлаад мэргэжилтэн маань Роттердам хотын кафе, ресторан, баар, номын дэлгүүр, музей, сургууль, модон тавилгын дэлгүүр болон бусад үйлчилгээний газраар явахдаа ажилтнуудаас нь “Танай газрын онцлог юу вэ? Танай газар бусдаас юугаараа өөр вэ?” гэх мэтээр асуун, нээлттэй яриа хөөрөө өрнүүлсээр явж байв. Өөр өөр салбарын хүмүүсийг нэг зүйл нэгтгэж байсныг би анзаарсан. Тэд бүгд яагаад чухам тэнд байгаагаа мэддэг, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, ажилдаа дуртай, тиймээс ч ажлынхаа тухай нээлттэй ярих дуртайгаараа нэгдмэл байсан юм. Ийм л чин сэтгэл тэднийг чадварлаг зөөгч, тогооч, үйлчилгээний ажилтан, уран бүтээлчид болгож байгааг нүдээрээ харсан минь их ололт гэж бодож байна. Бүгд нийлээд тэд бүтээлч, эерэг, хүний төлөө, эрүүл саруул тогтолцоотой нийгмийг бүтээж байлаа. Гудамжинд хүмүүс нүд рүү минь хараад инээмсэглэх нь хэчнээн нөхөрсөг дулаахан санагдаж байв аа. Хүмүүс нь хоорондоо итгэлцэнэ. Хүн болгон бие биедээ туслахыг хичээнэ.

зураг
 
Эх сурвалж: Market Hall, Rotterdam, www.mvrdv.nl

Энэ бүхэн яагаад боловсролтой холбоотой юм бэ гэж үү?

Боловсролтой хүмүүс үнэ цэнийг бүтээдэг. Хүмүүс нь аль болох боловсролтой байх тусам нийгэм дээшилдэг, хөгждөг. Цаашилбал, боловсролтой иргэдтэй, бүтээлч ажилчин ажилтантай улс хүн төрөлхтөнд илүү ихийг өгч чадна. Ихийг бүтээж түүнийгээ гадагш гаргана. Үүний зэрэгцээ, тухайн улсын нэр хүнд өсөж, дэлхийд улам илүү танигдсанаар бусдын сонирхол, хүндлэлийг татна. Бүтээлч сэтгэхүйтэй, эерэг хандлагатай, амьдрахад таатай, ирээдүйдээ итгэлтэй, эх орондоо хайртай нийгмийг үе дамжин бий болгож чадсан Голланд улс хувцаслалт, модон урлал, кафе, уран бүтээлчид, спорт, унадаг дугуй, амьд хөгжимчдийн соёлоороо дэлхийд алдартай. Энэ нь улсыг нь тодорхойлдог. Өнөөдрөөрөө амьдарна гэж үүнийг л хэлэх байх. Ингэж л тэдний боловсролын тогтолцоо, боловсон хүчин хүчирхэг соёлыг цэцэглүүлжээ. Үүнээс үндэслэн, монголчууд бидний ч үнэт зүйл, тусгаар тогтнол, соёл, ардчилал, эрх чөлөөний тулгуур нь боловсрол байх ёстой биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа.

Эсрэгээр, боловсрол муутай хүмүүс бүтээдэггүй, харин завхруулдаг тухайд алдарт зохиолч Ж. Толкиний хэлсэн үгийг санав:

“Муу муухай шинэлгийг бүтээж чадахгүй, харин тэд ердөө л сайны хүчин дор бүтээгдсэн зүйлсийг завхруулж, сүйтгэж чадна.”

Үүнээс дүгнэн хэлэхэд, хамгийн том дайсан өөрсдийн дотор л байдаг. Өөрөөр хэлбэл, эх орноо хөгжүүлэх үү, сүйрүүлэх үү гэдэг нь биднээс л гол нь хамаарна. Тэр дуундаа, боловсролын хоцрогдол бол орчин үеийн бүх зовлон бэрхшээлийн цөм эх үүсвэр гэж бодогдоно. Бид зөвхөн гадаргууг хамарсан, өнгөц, шалдар булдар элдэвт төөрөлдөж, хууртаж, мөн чанарыг олж харах чадваргүйгээс болж үнэт зүйлгүй болжээ. Нийгмийнхээ төлөө сайныг бодож хийсэн оролдлогууд маань шархны лент төдий л үйлчилж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, бид төр засагтаа “ажлаа хий” гэсэн шаардлага тавьсан ч яг угтаа бол улс орноо удирдан яваа хүмүүсийн хэд нь бүтээж, сэргээж, зохион байгуулж чадах боловсролтой хүмүүс бол гэдгийг бодсонгүй. Засаг төрдөө ийм хачин шаардлага тавьдаг улс ховор байх.

зураг
 
Эх сурвалж: Улаан Дэлгэц

Боловсролын маань хоцрогдол

Роттердамаас холгүй Дордрехт хотод дэлхийн хамгийн том гэгддэг боловсролын музей байдаг ажээ (Onderwijsmuseum).

зураг
 
Эх сурвалж: Onderwijsmuseum

Тэнд, өглөө нээгдэхэд нь би ганцаараа очлоо. Хамгийн түрүүнд ажилтнаас нь “Танай музей юугаараа онцлог юм бол?” гэж асуухад тэр надад хөтөч болж, музейгээ үзүүлэх явцдаа тайлбар хийхийг санал болгосон юм. Үнэндээ тэр музей Голландын боловсролын түүхийн эхнээс авхуулаад өнөөг хүртэлхийг цаг хугацааны дэс дараатайгаар тодорхой үзүүлснээрээ нэн онцлог байлаа. Тэндээс авсан миний гол дүгнэлт: Монголын маань боловсрол олон үзүүлэлтээр лав л ЗУУ ГАРУЙ жилээр хоцрогджээ. Үүнийгээ товч дүгнэвэл:

1. Заах аргачлал

1. 1800 гаад он хүртэл хүүхэд зоддог (мөчрийн багцаар гарыг нь шавхуурдах), эсвэл бусдын өмнө ичгүүр болгон шийтгэдэг явдал (жишээ нь, илжигтэй самбар зүүлгэж ангийн урд зогсоодог сургах арга) 1820 онд хуулиар хориглогдож, 1900-аад оны эхэн гэхэд Голландад бүрэн халагджээ. Гэтэл Монголд энэ аргачлал улайм цайм явагддаггүй ч янз бүрээр шийтгэх үзэгдэл өнөөдрийг хүртэл байсаар л байна.

зураг
 
Эх сурвалж: Onderwijsmuseum, зургийг Э.Цэнгэлсайхан

2. Хичээлийн хэрэглэгдэхүүн 1900- аад оны эхээс эхлэн маш хурдацтай хөгжиж, хичээлийг хүүхдэд илүү хөгжилтэй, сонирхолтой байлгах талаас аргачлал хөгжиж эхэлжээ. Гэтэл өнөөдөр Монголын маань хичээлийн хэрэглэгдэхүүн социализмын үеэс хойш олигтой хөгжөөгүй, харин ч ухарсан гэж хэлж болохоор. Наад зах нь, ‘Яагаад’ гэсэн асуултаар сэтгэлгээг хөгжүүлдэггүй нь юм бүхэн дээр л харагдана. Жишээ нь, Монгол хүүхдэд гэрийн босгон дээр гишгэж болохгүйг чухалчилж заадаг хэр нь яагаад гэдгийг тодорхой хэлж өгдөггүй, эсвэл мухар сүсэгтэй холбон ойлгомжгүй юм хэлээд өнгөрнө. Цаашилбал, цээжлэхийг л оюуны үйлдлийн дээд гэж үзээд байх шиг.

2. Сурах орчин

1900 оны эхээр нэг ангид 30 - 40 хүүхэд байсан бол өнөөдөр Монголд маань нэг ангид 50 - 60 хүүхэд суралцаж байх жишээний. Нэг багш 50-60 хүүхдэд чанартай боловсрол олгох боломж тун бага нь ойлгомжтой.

зураг
 
Эх сурвалж: Onderwijsmuseum, зургийг Э.Цэнгэлсайхан

3. Эрхзүйн асуудал

Баян, ядуу айлын хүүхдүүд чанарын ялгаатай боловсрол эзэмшдэг байсан асуудал 1900 оны эхээр л байж. Харин 1968 онд Голланд улс даяар ‘Mammoth Law’ (Арслан заан хууль)-ийг хэрэгжсэнээр хуучин дунд боловсролын тогтолцоо шинэчлэгдэж, сургалтын чанар жигд хурдтай сайжирчээ (Vrooman & Dronkers, 1986). Уг хуулийн нэг чухал шалтгаан нь улс даяар бүх хүүхдэд дээд боловсрол эзэмших бололцоог нь ихэсгэх байсан аж.

Үүнтэй харьцуулахад өнөөдөр Монголын улсын сургуулиудад бололцоо муутай айлын хүүхдүүд ихэвчлэн элсэж, чанар муутай боловсрол эзэмшдэг бол бололцоотой айлын хүүхдүүд хувийн, үнэтэй сургуульд элсэх нь олонтоо ажиглагдаж байна. Хэдийгээр, хувийн сургуулиуд боловсролын чанарын хувьд дунджаар илүү гэж хэлж болох ч гэсэн, Монголын гэсэн үнэт зүйлийг суулгасан монгол хүүхдийг бэлтгэхээсээ илүү гадаадад суралцах, ажиллаж амьдрах үүд хаалгыг нээж өгөхийг амладаг юм шиг.

Сургуулийн номын сан яагаад чухал вэ?

Тэгэхээр сургуулийн номын сан гэдэг бол ЕБСургууль дахь тухайн улсын боловсролын системийн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, төрийн бодлогын тусгалын нэг жишээ гэж (яг л таны номын сан таны тусгал гэдэгтэй адилхан) хэлж болно. Учир нь, сургуулийн номын сан бол сургалтын хөтөлбөрийг агуулгаар хангадаг байгууламж юм (Walta, 2020). Өнөөдөр монголын сургуульд номын сангийн үйл ажиллагаа гэж үндсэндээ алга. (Өндөр хөгжилтэй орнуудын жишигтэй харьцуулбал, хуучин номын агуулах, магадгүй нярвын үйл ажиллагаа л байгаа байх). Энэ нь сургалтын хөтөлбөрт чадварлаг Монгол иргэнийг бэлтгэх чанартай агуулга байхгүйг илтгэнэ. Тэр нь, наад зах нь жишээлбэл, өнөөдөр монгол хүүхэд өөрсдийн өв соёл, үнэт зүйлийн тухай утга учиртай, дэлгэрэнгүй мэдээлэл авч, улмаар өөрийгөө дайчлан суралцаж, эргэцүүлэн бодох чадвараа хөгжүүлэх боломж байхгүй гэсэн үг. Ядаж л, Роттердамын Эразмус шиг түвшинд монголын алдарт түүхэн хүмүүсийг хүүхэд залуучуудад мэдэх боломжийг бүрдүүлээгүй. Судлаж мэдэх боломж нь нэн хомс. Энэ хэмжээгээр бидний хойч үе хэн гэдгээ мартана. Хэн гэдгээ мартсан учраас амьдралд төөрч будилна. Төөрсөн учраас утга учрыг олохгүй. Утга учрыг олоогүй учраас бүтээж чадахгүй. Бүтээж чадахгүй учраас соёлыг бий болгох боломжгүй.

Сургуулийн номын сан гэдэг сургууль дээр тавьсан тавиур, бас шахаагаар авсан номын цуглуулга хоёрыг хэлэхгүй. Харин, сургалтын хөтөлбөртэй холбогдож, мэдээллийн эрин зуунд амьдрахад илүүг мэдэх боломжийг олгосон, хүүхдүүд, багш нар, гэр бүл, хүүхдийн номын бүтээлчдийг гэрэлт нийгмийн төлөө нэгтгэдэг газар байх учиртай гэж бодож байна.

Ямар шийдэл байна вэ?

Ямар ч нөхцөлд давуу тал гэж бий. Үүнийгээ л ашиглах ёстой. Бид гуравхан сая хүн амтай. Энэ их газрын баялаг, гаднын тусламжийн санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж чадвал Монголын ирээдүйг хамгаалах боломж байгаад эргэлзэхгүй байж болно. Жишээ нь, Хөшигтийн хөндийн онгоцны буудлаа бид япончуудын тусламжтайгаар бариулсан (өөр бас юм бий). Өөрсдөө чадахгүй болохоор тэр. Япончууд арвин туршлага, дэд бүтэцтэй улс учраас үүнийг амархан хийж чадсан нь мэдээж. Тэгэхээр, онгоцны буудлаас ч хүнд хэцүү, ээдрээтэй хэцүү зүйл бол боловсролын систем юм. Үүн дээр шинэчлэл хийхийг нэг намд, эсвэл намын нэг хүнд даатгаж яавч боломгүй. Тэр тусмаа, авилгын гараар удирдуулж болохгүй. 100 гаруй жилийн хоцрогдлыг 10-20 жилийн дотор нөхөхийн төлөө том зорилго тавьж бүхнээ дайчлах ёстой. Өнөөдөр шаардлагатай боловсон хүч, дэд бүтэц дутуу дулимаг нь төрийн бодлого байхгүйтэй холбоотой. Төрийн бодлогоо улс төрөөс ангид, жинхэнэ монгол хүний төлөө, жинхэнэ монголын үнэт зүйлийн төлөө боловсруулмаар. Дараа нь харин боловсролын салбартаа дэлхийд шилдэг, хамгийн тогтолцоотой орнуудын шилдэг мэргэжилтнүүдээс бүрэлдсэн баг бүрэлдэхүүний туслалцаагаар дэд бүтцээ хөгжүүлж болмоор санагдана. Боловсролын тогтолцоо зөв болсон цагт цаашид бид олон юмыг өөрсдөө хийж чадна. Тогтолцоог төлөвшүүлэхэд, гадаад дотоодод байгаа монголчуудаасаа ч туршлага судалж, судлуулан, хамтдаа үнэт зүйлээ тодорхойлмоор.

Мэдээж, манай бэрхшээл дан ганц боловсрол дээр үүрлээгүй. Нийгмийн олон асуудал бий (эрүүл мэнд, хууль зүй дээр адил). Асуудлууд байна гэдэг, зэрэгцээд маш олон шийдлүүд байгаа гэсэн үг. Энэ дунд мэдээж муу, бас сайн шийдэл бий. Муу шийдлүүд нийгмийн маань асуудлыг дордуулдаг (зээл авах, авсан мөнгийг нь авилгачид хувааж идэх, эсвэл газар наймаалцах, хаа сайгүй зам талбай боож барилга сүндэрлүүлж түгжрэл үүсгэн олон түмний цаг, мөнгийг барна гэх мэт). Муу шийдлүүд биднийг худал хуурмаг, хулгай дээрэм, авилга, шударга бус, атаархал хорслоор дүүрэн тамын тогоонд хийнэ. Тамын тогоо гэдэг нарны гэрлээс хол, үүрд мөнх хагд өвс идэж нүхэнд амьдардаг эрхий мэргэний маань байдагтай төстэй газар. Тэнд тусгаар тогтнол гэж үгүй. Гэтэл нөгөө талаар, сайн талаас нийгмийн асуудлыг урт удаан хугацаанд үр дүнтэйгээр шийдэх шийдлүүд байна (Боловсрол, эрүүл мэнд, шударга ёсны тогтолцооны оновчтой шинэчлэл гэх мэт). Боловсролтой иргэдтэй болсон цагт бусад олон асуудлын гаргалгаа, шийдэл олдоно. Эцэстээ, сайн шийдлүүд биднийг үнэн үг, ач тус, шударга ёс, итгэлцэл, энэрэнгүй сэтгэлээр дүүрэн нарлаг, тэнгэрлэг оронд авчирна. Эх орноо гэсэн сайн шийдэл зөвхөн төрийн тэргүүнд биш, харин эх оронч монгол хүн бүрийн зүрхэнд байгаа учраас бие даасан Монгол улсын боловсролын шинэчлэлийн төлөө тэмцэхийг уриалмаар байна.

зураг
 
Монсудар - Жангар редакц, Эрхий мэргэн зурагт ном

ЛАВЛАХ:

American Library Association. (2022). Number of libraries in the United States: Home. LibGuides. Retrieved May 12, 2022, from https://libguides.ala.org/numberoflibraries

Coatney, S. (1998). Information power: Building partnerships for learning. Teacher Librarian, 26(1), 9-10. Vrooman, J. C., & Dronkers, J. (1986). Changing educational attainment processes: some evidence from the Netherlands. Sociology of Education, 69-78.

Walta, J. (2020). Open boek: handboek leesbevordering.

Wilson, M. (2020). The eye of providence: The symbol with a secret meaning? BBC Culture. Retrieved

May 12, 2022, from https://www.bbc.com/culture/article/20201112-the-eye-of-providence-the-symbol-with-a-secret-me aning

Woolls, B. (1999). The School Library Media Manager. Library and Information Science Text Series. Libraries Unlimited, Inc., PO Box 6633, Englewood, CO 80155-6633.

Facebook хаяг: The Reader NGO/ Уншигч ТББ
facebook username: thereaderngo
Instagram: reader_ngo
имэйл: info@readerngo.com


Нийтлэлийг бичсэн: Э.Цэнгэлсайхан (Уншигч ТББ ажилтан)