• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг ногоочид хүсэв

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
president.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцав. 

“Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тонн ургац хураадаг. Энэ жил 2,000 га-д буудай, 1,200 га-д тосны ургамал тариалж, 2,800 га-д уринш боловсруулахаар ажиллаж байна.

Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь тааруу байгаа талаар тариалан эрхлэгчид энэ үеэр ярьж байлаа.

Хэрэгцээт төмсний талаас илүүг зах зээлд нийлүүлдэг Төв аймгийн Жаргалант сумын ногоочид импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулах, Улаанбаатар хотод борлуулалтын цэг байгуулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв. 

“Байр, хоолтой, өдрийн 50 мянган төгрөг өгнө” гэдэг ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамж хавтгайрсантай холбоотой гэж цөөнгүй ногоочин хэлсэн юм. 

зураг
 
president.mn

Мөн урамшууллаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үр, аймгаас Итгэлийн зээл олгосон нь ажлаа хэвийн явуулахад нэмэр болсонд ногоочид талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар хүнс экспортлогч орон болох явдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Ялангуяа ирэх таван жилд хүнсний хувьсгал хийх зорилтыг биелүүлэхэд газар тариалан болон хүнсний ногоо эрхлэгчид чухал хувь нэмэр оруулах учир хуулийн хүрээнд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр хэлэв. 

Мөн Улсын Их Хурал, Засгийн газар хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр авах арга хэмжээтэй холбоотой хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тариаланчдад хэлсэн юм. 

Мах, гурил, төмсөөр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаагаа улам бататгах, цаашид гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг бусдаас гуйхгүй хэмжээнд байхын  төлөө дор бүрнээ хичээн ажиллах ёстойг газар тариалан болон төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд захилаа.

Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Макс Агро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн ферм болон “Майнд Тек” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллан үндэсний боловсруулах үйлдвэрлэгчид, ногоочдын төлөөлөлтэй уулзаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах арга хэмжээнд оролцох аж.