Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д цэрэг татлагын байруудыг галдан шатаасан хэрэг гарах болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Украинд дайн эхэлснээс хойш Оросын хэд хэдэн бүс нутагт цэрэг татлагын байранд гал тавьсан хэрэг гарсан байна.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 орчим цэрэг татлагын байранд үл мэдэгдэх этгээдүүд гал тавьсныг Оросын База сайт Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Тухайлбал тавдугаар сарын 15-нд Москвагаас зүүн өмнө зүгт 270 км зайтай оршдог Рязань мужийн Пронск тосгоны цэрэг татлагын байр шатсан байна.

Үүнтэй бараг зэрэг шахуу Оросын өмнөд бүсийн Волгоград хотод мөн цэрэг татлагын хорооны байр галд шатжээ.

зураг
 

Энэ галд тус цэрэг татлагын байрны 20 метр квадрат талбай шатсан ба цонхоор нь Молотов коктейл шидсэн гэж цагдаа нар дүгнэсэн байна.

Тавдугаар сарын 13-нд Ростов мужийн Гуково тосгон дахь цэрэг татлагын байр хэсэгчлэн шатжээ. Оросын умард хязгаарын Ханты-Мансийск муж, өмнөд бүсийн Волгодонск хот дахь цэрэг татлагын байрууд ижил төстэй халдлагад өртсөн тухай эх сурвалж мэдээлж байна.

Эдгээр халдлагуудыг Украины дайнд явахаас зайлсхийсэн, эсвэл дайныг эсэргүүцсэн иргэд үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: gazeta.ru