Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Отрын нөөц нутаг байгуулах, ашиглах, түүний ач холбогдлын талаарх эх сурвалжуудын БАЙР СУУРЬ

ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Ш.Болор-Эрдэнэ: Ноднин нутгаасаа гараад 1100 километр явж байж өвстэй залгасан

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин. “Аймгийн аварга малчин”, “Алтан төлийн эзэн”

“Би нэлээн олон отрын бүс нутгаар явж байсан. Ноднин эндээс гараад хамгийн цаад тал нь 1100 километр явсан. Сүхбаатарын Баяндэлгэр орж байж л өвсөнд хүрсэн. Эндээс Улаанбаатар орох энүүхэнд л байлаа. Улаанбаатарт очоод сайхан өвөлжинө гэвэл явчихаар л байсан. Зарим малчид бүр хилийн торонд тулчхаад ирсэн дээ.”

зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Д.Булгамаа: Отрын бүс нутгийг шинээр бий болгох хэрэгцээ, шаардлага үүсэж байна

-Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бэлчээрийн зөвлөх, доктор Д.Булгамаа-

“Монгол орны бэлчээр доройтож байна, үүнд хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь даацаас хэтэрсэн ашиглалт. Гэхдээ одоогийн байгаа ачааллыг даацад нь тохируулж чадах юм бол доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар өөрөө сэргэх боломжтой. Хөрсөнд хадгалагдаж байгаа үр тааламжтай нөхцөл бүрдсэн үед ургадаг. Хамгийн гол нь бэлчээрийн ургамлын үрд соёолох, хэвийн ургаж үрлэх, боломжийг нь өгөх ёстой.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг дагаад ган, хуурайшилтын давтамж нэмэгдэж, бэлчээрийн бүтээмж буурч байна. Нөгөө талаас малын тоо ихсэж, бэлчээр ашиглалтын ачаалал нэмэгдэж байгаа нь бэлчээрийг эргэн сэргэх боломжийг олгохгүй байна. Тийм учраас цаг хүндэрсэн үед ашиглах зорилгоор отрын нөөц нутгийг шинээр бий болгох, талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Ц.Мөнхнасан: Отрын нөөц нутгийг шинээр бий болгосноор үр шимийг нь малчин л хүртдэг

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн-

“Отрын нөөц нутгийг шинээр бий болгосноор үр шимийг нь хэн хүртэх вэ гэдэг асуудал байгаа. Тухайн сумын Засаг даргын тамгын газар эсвэл ажилчид үр шимийг хүртэхгүй. Отрын нөөц нутаг бол ерөөсөө л малчны ая тухтай өвөлжиж, хаваржих, мал сүргээ онд мэнд оруулахад л зориулагддаг. Тиймээс үр шимийг нь малчин л хүртдэг онцлогтой зүйл. Мөн отрын бүс нутгийг баталгаажуулснаар тэр бүс нутагт аль сумаас, хэдэн тооны малтай, хэн гэдэг малчин ирж өвөлжиж, хаваржиж байгаа тухай мэдээлэл албан ёсоор бүрдэнэ. Ингэснээр отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрхөд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно. Тэгэхээр бид отрын нөөц нутаг байгуулж байгаагийн дам буюу шууд бус ач холбогдол нь отроор явж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэгдэж байгаа гэж ойлгож болно.”

зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Д.Түмэндэмбэрэл: Отрын нөөц нутаг нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны дарга-

“Отрын нөөц нутаг байгуулсны гол зорилго бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулж бий болгох юм. Ган зудын бэрхшээлтэй үед отрын бүс нутагт өнтэй, таатай өвөлжих нөхцөл бололцоог төрөөс зохион байгуулж өгч байгаа гол ажил. Өөрөөр хэлбэл, мал сүргийг эрсдэлээс хамгаалах, мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ юм. Отрын нөөц нутаг байгуулснаар бид отор нүүдлийг хяналттай, системтэйгээр зохион байгуулах боломж бүрдсэн.”

зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

С.Цэдэнбалжир: Өвөрхангай аймаг нийт газар нутгийнхаа 10 хувийг отрын бүс нутаг болгон зохицуулсан

-Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга-

“Манай аймаг нийт 6.2 сая га хөдөө аж ахуйн газар нутагтайгаас 5.7 га нь бэлчээрийн нутаг байдаг. Тэгэхээр нийт нутгийнхаа 10 орчим хувьд отрын нөөц нутгийг бий болгож чадсан. Өмнө нь 11 сумыг хамарч байсан бол 4 сум нэмэгдэж 15 болсон. Ингэснээр бэлчээрийг зохистой, зохион байгуулалттай ашиглах, цаг агаарын нөхцөл байдал хүндэрвэл энэ бүс нутаг руугаа отор нүүдэл хийх боломж бүрдэж байна. Малын тоо толгой, гандуу жилийн тоо нэмэгдэж, бэлчээрийн хүрэлцээ багасаж буй энэ цаг үед малчид аль болох орон нутагтаа ая тухтай өвөлжиж, хаваржих боломжийг бүрдүүлэх зорилгоор “сум дундын отрын нөөц нутаг”-ийг байгуулсан. Энэ бүс нутагт усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалах, өнжөөх, сэлгээхтэй холбоотой асуудлыг журмаар зохицуулан ажиллаж байна.”

зураг
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

И.Доржсүрэн: “Сум дундын отрын бүс нутаг” нь цаг агаар хүндэрсэн үед малчдыг ая тухтай өвөлжүүлэх зорилготой

-Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч-

“Нүүдлийн мал, мал аж ахуйн үйлдвэрлэл нь байгаль, цаг уураас шууд хамааралтай. Сүүлийн хэдэн жил байнгын ган, зуд болж, өвс бэлчээр тааруу байж, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Харин өнгөрсөн 2021 он харьцангуй таатай сайхан жил болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч байгаль, цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг учир дараа дараагийн жилүүдэд хур бороо бага орох, бэлчээрийн өвс ургамал бага гарах зэрэг эрсдэл бий. Тэгэхээр “сум дундын отрын бүс нутаг”-ийг цаг сайхан үед малын хөлөөс ангид, зэлүүд байлгаж, цаг хүндэрсэн үед хэрэглэх л зориулалттай. Мэдээж ийм үед малчдыг өөрсдийг нь отрын бүс нутаг руу тодорхой бодлого, зохицуулалттайгаар оруулж өвөлжүүлж, хаваржуулах зорилготой.”