Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын хөл хорионы үеэр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү жин нэмснийг судалгаа харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахал намжиж, дэлхий нийтээр уг гамшгийн хүн төрөлхтний эрүүл мэнд, нийгмийн амьдралд үзүүлсэн нөлөөг янз бүрийн өнцгөөс судалж байна.

Үүнд хөл хорионы дэглэмийн үед хүмүүсийн бие, сэтгэхүйд ямар өөрчлөлт гарсан нь сонирхол татаж байгаа.

Тэгвэл Нидерландын Маастрихт хотод төвтэй Европын Таргалалтын Конгресс байгууллага Их Британийн бараг нэг сая иргэнийг оролцуулсан судалгааг зохион байгуулж, үр дүнг нь танилцуулжээ.

Ингэхдээ тус улсын CPRD (Clinical Practice Research Datalink) эрүүл мэндийн мэдээллийн сангаас 2020 оны гуравдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 938,164 иргэний биеийн жинд ямар өөрчлөлт гарсныг судалсан байна.

Хөл хорио эхлэхээс өмнө уг бүлгийн 32 хувь нь хэвийн жинтэй, 35 хувь нь илүүдэл жинтэй, 33 хувь нь таргалалттайд тооцогдож байжээ.

Таргалалттай хэсгийг дотор нь BMI (Body Mass Index) хэмжүүрээр нь нэгдүгээр ангилал (BMI нь 30-35), хоёрдугаар ангилал (35-40), гуравдугаар ангилал (40-өөс дээш) гэж хуваасан байна.

Судалгаанд оролцогчдын 58 хувь нь эмэгтэй, 83 хувь нь цагаан арьстан байжээ.

Хөл хорионы нэг жилийн хугацаанд хэвийн жинтэй хэсгийн 83 хувь нь жингээ хадгалж чадсан бол 14 хувь нь илүүдэл жинтэй, таргалалттай хэсэгт шилжсэн байна.

Харин 3 орчим хувь нь жингийн алдагдалтай болжээ.

Ижил хугацаанд илүүдэл жинтэй хэсгийн 11 хувь нь жингээ нэмсэн бол 12 хувь нь алдсан байна.

Харин таргалалттай хэсгийн 9 хувь нь жингээ хасаж, 5 хувь нь нэмж таргалжээ.

Бүх хэсгийн хүмүүсийн өөрчлөлтөөс ажиглахад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү жин нэмсэн нь судалгааны үр дүнгээс харагдсан байна.

Жишээ нь илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн 13 хувь нь, эрчүүдийн 9 хувь нь хөл хорионы нэг жилийн хугацаанд тарган ангилалд шилжжээ.

Насаар нь ангилж харвал 45 хүртэл насныхны дунд жингийн нэмэгдэл түлхүү ажиглагдсан байна.

Тухайлбал 45 хүртэл насны илүүдэл жинтэй хэсгийн 17 хувь нь жилийн дараа тарган ангилалд шилжсэн бол бусад насны бүлгийн 7-13 хувь нь таргалжээ.

Харин 75-аас дээш насныхан хөл хорионы нэг жилийн хугацаанд хамгийн их жингээ алдсан байна.

Эдгээрээс гадна нийгмийн тэгш бус байдал хөл хорионы үеийн таргалалтад нөлөөлж буй нь харагджээ. Тухайлбал бусад гарал угсаатнуудын дотроос Африк гаралтай иргэдийн дунд хөл хорионы нэг жилийн хугацаанд таргалалт хамгийн их ажиглагдсан байна.

 

Эх сурвалж: DPA