Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Доржбат: Галт бамбарт буухиа гүйлтийг энэ сарын 14-нөөс эхлүүлж, тамирчид эх орноо нар зөв тойрно

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 6
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Энхийн гүйлт 2022" бамбарт буухиа гүйлтийг тавдугаар сарын 14-нд зохион байгуулж эхлэх талаар Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос (БТСХ) мэдээллээ. Монгол Улсын 21 аймаг, 108 сумаар энхийн галт бамбарыг буухиалан гүйж, тамирчид 7,300 орчим километр замыг туулна гэдгийг хэлэв. 

"Энхийн гүйлтэд оролцохоор зургаан орны тамирчид ирсэн"

Эв найрамдлын гүйлтийг зохион байгуулах хорооны зохицуулагч Б.Доржбат  "Энэ жил зохион байгуулах гүйлтэд оролцох боломж хүн болгонд нээлттэй. Монгол Улсын түүхэнд 21 аймгийг хамарч байгаагаар буухиа гүйлтийн онцлог оршино. Тамирчдын үндсэн баг 15-18 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд галт бамбарыг тасралтгүй асааж явах бөгөөд дараагийн аймаг, суманд шилжүүлэх үүрэгтэй. Тухайн багт оюутан сурагч, эмч сувилагч, инженер болон хэвлэл мэдээллийн сурвалжлагч ч бий. Мөн Орос, Америк, Австрали зэрэг зургаан орны тамирчид оролцохоор ирсэн" хэмээн багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. 

"Буухиа гүйлтийн галт бамбарыг 54 хоногийн турш тасралтгүй асааж явна"

Мөн тэрбээр "Буухиа гүйлтийн галт бамбарыг нийт 54 хоногийн турш тасралтгүй асааж явна. Өдөрт хамгийн ихдээ 230-240 километр орчим замыг туулах юм. Ингэснээр 21 аймгийнхаа 7,300 гаруй километр замыг амжилттай туулах боломжтой хэмээн үзэж байна. Зөвхөн гүйгээд зогсохгүй дамжиж өнгөрч байгаа сум суурин газартаа эв найрамдалтай амьдрах утга учрыг хүүхэд багачуудад сурталчилсан арга хэмжээг зохион байгуулна.

Эх орноо нар зөв тойрч долдугаар сарын 7-нд барианд ороход галт бамбар шилжиж ирнэ. Ингээд тэр өдөр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь эв найрамдалтай, эрүүл энх байхын утга учрыг сурталчлан таниулах зорилготой" хэмээн хэлсэн юм.  

Үүнд оролцох хүсэлтэй иргэд тухай аймаг, орон нутгийнхаа засаг захиргаанд мэдэгдэж бүртгүүлэх боломжтой аж. Мөн хэдэн километр гүйх нь тухайн хувь хүний шийдвэр гэдгийг хэлж байв.