Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Дэлгэрцэцэг: Европоос бараа бүтээгдэхүүн импортлоход тээврийн үнэ нэмэгдэх хандлагатай байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны холбооноос зохион байгуулсан "Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Эй Си Даблью Транс ХХК-ийн Ерөнхий захирал Х.Дэлгэрцэцэгээс тээвэр ложистикийн цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

- Орос- Украинд үүсээд буй нөхцөл байдлаас болоод хойноос орж ирдэг ачаан дээр асуудал үүсэж эхэлж байна. Ложистикийн салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

- Тээвэр ложистикийн салбар КОВИД-19 болон дайны нөхцөл байдалтай салшгүй холбоотойгоор хүндрэлтэй байдлуудтай нүүр тулж байна. Тяньжин боомтод 5-6 мянган чингэлэг овоорсон гэх мэдээллийг манай холбооны тээвэр зуучийн компаниуд өгч байгаа. Засгийн газартай энэ тоог бууруулах талаар ярилцсан. Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад, Европын галт тэрэг зогсонги байдалтай байгаа бөгөөд энэ завсар зайг ашиглан импортын галт тэрэг нэмэхээр ажиллаж байна.

- Тяньжинаас өөр боомт ашиглах орон зай ямар байна вэ?

- Тяньжин бол олон улсын томоохон усан онгоц, далайн тээвэрлэгчдийн ихээр ашигладаг чингэлэг эргэлтийн хувьд хамгийн түшиц боомт. Гэхдээ бид зөвхөн Тяньжин боомтыг хараад байж болохгүй гэх дүгнэлт хийж, тээвэр зуучийн компаниуд ЗТХЯ-тай хамтарч ажиллаад, бусад олон улсын чанартай боомтуудыг ашиглаж эхэлсэн байдаг. Олон төрлийн боомтуудыг ашиглаад галт тэрэгнүүдийг зохион байгуулж буй боловч ганц хоолойгоор буюу Эрээн-Замын-Үүдээр л орж ирдэг учраас энэ нь өөрөө хүндрэлтэй байдал үүсгэдэг. 

Бид өдөрт зургаан чингэлгийн галт тэрэг солилцох хэлэлцээртэй. Үүнээс гурав нь транзит буюу ОХУ болон Европ руу явж байгаа галт тэргийг нэвтрүүлэх тохиролцоотой. Импортынх 1.5-2 байдгийг гурав болгохоор ярьж байна.

- Импортынх гурван галт тэрэг авах нөхцөлд манай улс бэлэн үү?

- Манай улсын бодлогын хувд дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын тухайд хувийн хэвшлийг дэмжих тал дээр тийм ч сайн биш. Ганц байгаа нь УБТЗ ХНН буюу энэ нь Орос Монголын хамтарсан компани. Үүгээр явж байгаа галт тэрэгний хэмжээний тухайд хувийн хэвшлийг оруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна.

- Одоо тээвэр ложистикийн компаниудын гол зорилго юу байна вэ?

- Бидэнд тээвэрлэлтийн ложистикийн зардлыг яаж бууруулах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна.

- Гаргалгаа юу байна вэ?

- Тээвэр зуучийн компаниуд уг асуудалд анхааран ажиллаж байгаа. Тухайлбал нийт эзлэхүүнээ нэгтгэсний үндсэнд үнээ бууруулах боломж харагдаж байгаа ч энэ боломжуудыг ашиглах гэхээр хууль эрх зүйн орчин дутмаг байна. Тиймээс бид хуулийн төсөл боловсруулаад, Тээврийн нэгдсэн багц хуульд өөрсдийн саналаа оруулсан.

Мөн Украинтай холбоотой Европын холбооны тавдугаар санкци дөрөвдүгээр сарын 8-нд гарсан. Тус санкцид тээвэртэй холбоотойгоор,

  1. ОХУ-ын далбаа бүхий хөлөг онгоцнуудыг Европ руу орохыг хориглосон
  2. Орос, Беларусийн авто тээвэрлэгчдийг Европ руу нэвтрүүлэхийг хориглосон заалт орсон байна.

Гэтэл Монгол Улс руу Европоос яваа нийт ачааны 80 хувийг Беларусийн тээвэрлэгчид тээвэрлэдэг. Яагаад гэвэл тээврийн өртгийн хувьд харьцангуй боломжийн болохоор тээвэрлэлт хийдэг.

- Монголын тээвэрлэгчид өөрсдөө энэ зах зээл дээр ажиллах боломж байхгүй юу?

- Энэ авсан арга хэмжээтэй холбогдуулан ГХЯ, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоотой нэгдсэн уулзалт хийсэн. Монголын тээвэрлэгчид өөрсдөө ажиллах боломж байна уу гээд судлахаар бид ямар ч бэлтгэлгүй сууна. Жишээ нь Европын холбооны улсын зөвшөөрлийн бичиг, жолооч нарын визийн асуудал, ногоон даатгал гэх мэт хэд хэдэн конвенцод нэгдэж ажиллах ёстой зүйлд ямар ч бэлтгэлгүй сууж байна.

Тэгээд ямар нэгэн асуудал болохоор гал унтраах төдий богино хугацааны шийдвэрүүдийг хайдаг. Уг нь бол Монгол Улс өөрсдөө хөгжүүлдэг, хийж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Ядаж өөрсдийнхөө зах зээлд байгаа мөнгийг үлдээх хэрэгтэй. Тээвэрлэгч компаниуд, үйлдвэрлэгчдийн хөгжих боломжийг гаргаж өгөх ёстой. Монгол жолооч нарт тулгамдаж буй энэ асуудлыг шийдэхээр ГХЯ ажиллана гэдгээ илэрхийлсэн.

- Тэгэхээр Европоос бараа бүтээгдэхүүн импортлоход тээврийн үнэ хэр хэмжээгээр нэмэгдэнэ вэ?

- Ерөнхийдөө тээврийн үнэ өсөх хандлагатай байна. Манайд хамгийн ээлтэй тээвэрлэгчид нь Беларусь улсынх байдаг. Гэтэл Беларусийн тээвэрлэгчдийг Европын холбоо руу нэвтрүүлэхгүй байна. Өчигдөр ирсэн видео бичлэгээс харахад Польшийн хил дээр ихээр овоорчихсон байна лээ. Тэгэхээр цааш Польшид бүртгэлтэй машинуудаар Европ руу тээвэрлэлтээ хийгээд, наашаа Беларусийн машинд шилжүүлэн ачих, агуулахад хадгалах зэрэг зардлууд нэмэгдэж таарна.

- Баярлалаа.