Дэлхийн улс орнуудын өрийн хэмжээ, тэр дундаа хөгжиж буй орнуудын өр цар тахалтай холбоотойгоор аюултай түвшинд хүрээд байгааг олон улсын байгууллагууд мэдээлсээр байна.
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 оны эцсийн байдлаар л гэхэд 33.2 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрээд буй. Энэ нь өмнөх оноос $1 тэрбумаар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
Улсын нийт өрийн 25.6 хувийг Засгийн газрын өр эзэлж байна. Энэ нь 2021 оны эцсийн байдлаар 8.5 тэрбум ам.доллар буюу 24.6 их наяд төгрөг байгаа юм.
Хэний Засгийн газрын, аль Сангийн сайд Монгол Улсын өрийг хамгийн ихээр нэмснийг харьцуулж харлаа.
Монгол Улсын төсвийг 2000 оноос хойш аваад үзвэл 2008 оноос эхлэн алдагдлын хэмжээ өсөж, 2010, 2018 оныг эс тооцвол тасралтгүй өр тавьж иржээ. Өөрөөр хэлбэл, олж чадах орлогоосоо хэт давсан мөнгийг үр ашигтайгаар бус, зүгээр л зарцуулж ирсэн байна. Ялангуяа, 2012, 2015-2017, 2020, 2021 гэсэн зургаан жилд, жил тутам их наяд төгрөгөөс давсан өр тавих нөхцөлийг УИХ баталсаар иржээ. Үүнээс түүхэндээ хамгийн их өр тавьсан үе нь 2020 он буюу цар тахлын жил байна.
Инфографик. 2000 оноос хойш Сангийн яамыг удирдсан сайд нарын бий болгосон төсвийн алдагдлын хэмжээ
2000 оноос хойш найман Сангийн сайд Монгол Улсын төсвийг атгаснаас Ч.Улаан гурван удаа уг албан тушаалыг хашжээ. Тэрбээр гурван Засгийн газрын санг удирдахдаа нийт 2 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 1.3 орчим тэрбум ам.долларын төсвийн алдагдлыг бий болгосон байна. 2000 оноос ажилласан эдгээр найман Сангийн сайдын хувьд Монгол Улсын өрийг нийт 18.4 орчим их наяд төгрөг буюу ойролцоогоор 8 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Энэ нь өнөөдрийг Засгийн газрын нийт өрийн 94 хувьтай дүйж байгаа юм.
График. Сангийн сайд нарт хамаарах төсвийн алдагдал ам.доллароор
Сангийн сайд нарт ногдох төсвийн алдагдлыг тухайн үеийн ханшаар тооцон ам.долларт шилжүүлбэл
Сайд нарын солигдох онд ногдож байгаа төсвийн алдагдлыг хоёр хувааж тооцох нь шударга гэж үзэв. Үүнийг инфографикийн доорх хэсэгт тайлбарласан. Ийнхүү тооцоход Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажилласан 2017-2020 оны төсвийн алдагдал 6.1 их наяд төгрөгөөр тэлж, Монгол Улсын өр 2.2 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь Засгийн газрын 2021 оны эцсийн байдлаарх нийт өрийн 26 орчим хувь буюу дөрөв хуваасны нэгийг дангаараа эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлын үеийн зарцуулалтаа өнөөдрийг хүртэл дэлгэрэнгүй тайлагнаагүй байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
|