Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы цагдаа нар 11 цаг бүсэлсний эцэст хүн барьцаалсан зэвсэгт этгээдийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Япон улсад маш ховорт тооцогддог галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг гарч, нэг хүн алагджээ. Баасан гарагийн өглөө эрт Токио хотоос хойд зүгт оршдог Фүжимино хотод цагдаа нар зэвсэгт этгээдийг гэрээс нь баривчилсан байна.

Баривчлахаасаа өмнө цагдаа нар 66 настай Хироши Ватанабэг барьцааны хүний хамт гэрт нь 11 цагийн турш бүслээд байсан юм.

Пүрэв гарагийн орой хэсэг эмч нар Ватанабэгийн хүсэлтээр гэрт нь очжээ. Өндөр настай ээж нь саяхан нас барсан тул эмч нар түүнд эмгэнэл илэрхийлэх зорилготой байсан гэнэ.

Гэтэл гэрийн эзэн буу гаргаж, эмч нарыг барьцаалахыг завджээ. Энэ үеэр 32 настай эмч Ватанабэгийн гэрээс зугтаж, цагдаагийн газарт дуудлага өгч чадсан байна. Хүнд шархтай зугтаж чадсан 41 настай сувилагч эрэгтэйн бие муу байгааг ойролцоох эмнэлгийн захиргаа мэдээлжээ.

Барьцаанд үлдсэн 44 настай эмч Жүничи Сузукийг цагдаа нар чөлөөлсний дараа эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй амьсгал хураасан байна.

 

Бүслэлтийн үеэр Ватанабэгийн гэрийн ойролцоо амьдардаг 110 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Хууль сахиулагчид баривчлахаасаа өмнө зэвсэгт этгээдтэй утсаар холбоо тогтоосон ч тэр ямар нэг шаардлага тавиагүй гэнэ.

Гэмт этгээд яагаад гэрт нь очсон эмч нарыг барьцаалах болсон, галт зэвсэг хаанаас олж авсан зэрэг асуудлууд одоогоор тодорхойгүй байна. Япон улсад галт зэвсгийн хяналт маш өндөр байдаг. Орон нутгийн зарим хэвлэлүүд Ватанабэ ангийн буутай байсан тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC