Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс “живж буй Титаник” биш болохыг Зеленский анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дайн дэгдэх боломжийг үгүйсгэхгүй ч Украин улс хараахан “живж буй Титаник” болоогүй байгааг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр гадаадын сэтгүүлчдэд анхааруулжээ.

“Манай гудамж талбайд танкууд байхгүй. Гэтэл хэвлэлүүдийн мэдээ энд дайн болж байгаа юм шиг сэтгэгдэл хүмүүст төрүүлж байна. Ингэж хэт айлгаж, цочроох шаардлагагүй юм” гэж Зеленский хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Нөхцөл байдал өмнөхөөсөө илүү муудсан гэж би бодохгүй байна. Гэхдээ энэ нь дайн дэгдэх боломжийг үгүйсгэсэн үг биш” гэж хэлжээ.

Цагаан ордон дайны эрсдэлийг хэтрүүлэн сүржигнэж байгааг Зеленский Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа хэлсэн гэнэ.

Түүний ярьснаар одоо Украины эдийн засгийг тогтворжуулахад хөрөнгө оруулалт, тусламж, зээл нийлээд $4-$5 тэрбум хэрэгтэй байгаа бөгөөд ийм хэмжээний хөрөнгө татахад дайны талаар хэт хөөсөрсөн мэдээлэл саад болж байгаа ажээ.

Элчин сайдын яамны ажилтнуудаа татах АНУ, Их Британийн засгийн газрын шийдвэрийг Зеленский “хэтрүүлэг” гэж тодорхойлоод “Украин улс хараахан Титаник болчхоогүй байна” гэж хэлсэн байна.

Тэрбээр Украины аюулгүй байдал, тусгаар тогтнолоос бизнесийн үр ашгийг илүүд тавьж буй Германы эрх баригчдыг энэ үеэр шүүмжилжээ.

“Энэ бол NATO-гийн хувьд маш хүнд сорилт болж байна. Европын зарим орнууд Украиныг хамгаалах гэж эрсдэлд ороод хэрэггүй гэж бодож байгаа байх. Гэхдээ дайн дэгдвэл хямрал NATO-гийн гишүүн орнуудын хилд тулах болно. Энэ дайн зөвхөн Украинд хамаатай биш юм” гэж Зеленский өрнөдийнхөнд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters