Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Асар их алдагдалтай Нийгмийн даатгалын сангаа цаашид яах вэ гэдэг толгойн өвчин гарч ирнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Төрийн сангаас мөнгө гарч амжаагүй байхад бид төсөвт тодотгол хийхээр сууж байна. Энэ бүгд биднийг бодолтой, хариуцлагатай байхыг илтгэж байна. Төсвийн тухай хуулиар төсвийн орлого бууж байж тодотгодог үндсэн зарчимтай. Төсвийн орлого давбал хэмнэгдээд үүсээд байсан өрийг барагдуулахад чиглэх үндсэн агуулгатай нийцэхгүйгээр энэ удаагийн төсвийн тодотгол орж ирж байна.

Нийгмийн даатгалын сан алдагдалтай. Бидний гаргаж буй шийдвэрээр 650-750 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй. Ирэх 2023 онд нэг их наяд төгрөгөөр хэрэгтэй болно. Алдагдлыг бид улам л нэмээд байна. Асар их алдагдалтай нийгмийн даатгалын сангаа цаашид яах вэ гэдэг толгойн өвчин гарч ирнэ. 

Үүнийг дагаад энэ ондоо ч юм уу халамжуудыг нэмэх хэрэгтэй. Цалин нэммээр байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг буюу хөдөлмөрлөж байж авдаг мөнгө нь ийм байхад тэтгэвэр нь 500 мянга байх нь агуулгаараа халамжаас хөдөлмөрт шилжинэ гэдгийн эсрэг болоод байна.

Үнийн өсөлт хүссэн хүсээгүй явж таарна. Мөнгөний бодлогоор барина. Буруу бодлого улам хөөсрүүлэх болов уу" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Он гараад удаагүй байхад тодотгол хийж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Гэхдээ Монгол Улсын нөхцөл байдал, Ерөнхийлөгчөөс чиглэл ирсний дагуу тухайн шийдвэрийг гаргасан. Хэрвээ өнгөрсөн оны эхний хагас жилд Цар тахлын хууль байгаагүй бол дөрөв, таван удаа төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүссэн. 

Өмнөх жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл бидний төсөөлж байснаас харьцангуй өөдрөг гарлаа. 326 тэрбум төгрөгийн давсан орлогыг цаг үеийн нөхцөл байдалтай холбож, тэтгэврийг нэмэхэд зориулах боломж гарч байна" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/474913904039545