Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг хэрхэн хэлэлцдэг вэ?

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг шийдэхийн тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийхээр болоод буй. 

Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68-72 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэдэг. 

Тэгвэл улсын төсвийн төслийг дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн баталдаг байна. 

  1. Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд танилцуулж, илтгэл тавина. Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно. Гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхэд санал хураалт явуулахгүй.
  2. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргахдаа Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.
  3. Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулахдаа нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна. Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Хуралдаан даргалагч төсвийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтатган явуулж болно.
  4. Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлахдаа Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.