Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрээ Монголбанк өнөөдөр танилцуулна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. 

Энэхүү хурлаас бодлогын хүүг нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Монгол Улсын хэмжээнд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 2021 оны эцсийн байдлаар 13.4 хувьд хүрсэн нь Монголбанкны таамгаас хоёр дахин даваад байгаа юм. Инфляц 2022 оны эхний хагаст 12 хувьд хүрээд эргээд зорилтот түвшинд бууна гэж 2021 оны эцэст Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлсэн. Гэвч он дуусаагүй байхад уг таамаг 1.3 пунктээр даваад байгаа ба 15 хувь хүртэл ч өсөж мэдэхээр нөхцөл үүсээд байна. 

График 1. Инфляц, Улаанбаатар болон улсын хэмжээнд

Тиймээс үнийн өсөлтийг хазаарлах арга хэмжээ яаралтай авах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. 

График 2. Монголбанкны бодлогын хүү

Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийг бууруулах хүрээнд төв банк бодлогын хүүг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд түүхэн доод хэмжээ болох 6 хувьд хүргэж бууруулснаас хойш дахин хөдөлгөөгүй байгаа билээ. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гаргасан шийдвэрээ 15:00 цагт танилцуулна.