Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганзориг: Төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөж долларынхоос хавь илүү байна

ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч, шинжээч Г.Ганзоригтой ярилцлаа. 

-Төгрөгийн ханш ковид-19 цар тахлын үед харьцангуй тогтвортой байлаа. Энэ үед төгрөгөөр өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх ямар боломжууд байв?

-Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын импорт буурснаар ам.долларын гадагшлах урсгал татарсан. Мөн үүнтэй зэрэгцээд зэс, нүүрсний ханш өссөнөөр экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах буюу ам.долларын дотогшлох урсгал нэмэгдсэн. Үүний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд төгрөгийн ханш маш тогтвортой байлаа. Мөн энэ хугацаанд Монголд хөрөнгийн зах зээл томоохон өсөлтийг бий болгосноор төгрөгөөр өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүллээ. Зөвхөн хувьцаанаас гадна бондын зах зээл дээр маш том өсөлтүүд бий болсон. Өмнө нь хүмүүс доллар өсөж магадгүй, төгрөгийн эсрэг чангарах байх гэсэн хүлээлттэй байснаар доллар руу хөрөнгө оруулалт хийж долларжилт бий болчих гээд байдаг тал байсан. Гэтэл энэ байдал нь намжчихаар төгрөг тогтвортой болоод, үүнтэй холбоотой өгөөжид итгэх итгэл нь өссөн байгаа. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр нэлээд том дэмжлэг боллоо гэж харж байгаа.

-Валютын хөрөнгө оруулалт, төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөжийг харьцуулбал, ямар дүр зураг харагдаж байна вэ?  

-Долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хэмжээнд харж болно. Монгол Улсын Засгийн газрын олон улсад гаргасан долларын бондууд. Энэ нь мэдээж эрсдэл багатай хөрөнгө оруулалт мөн. Тэгэхээр ЗГ-ын бондуудын өгөөжийг харвал хамгийн ихдээ л 5 хувийн өгөөжтэй байна. Банкуудын долларын хадгаламжийн хүү 2-3 хувь болж буурсан байгаа. Үүн дээр доллар төгрөгийн эсрэг ямар нэгэн байдлаар чангарахгүй байгаа учраас энэ нь ямар ч нэмэлтгүй л өгөөж болж байна гэсэн үг. Хамгийн ихдээ 5 хувь. Гэтэл үүний нөгөө талд төгрөгийн хадгаламжийн хүү 8 хувиас эхэлж байна. Бондуудын хувьд жилийн 12-13 хувийн өгөөж хүртэж болохоор байна. Хувьцаан дээр зөв тоглолт хийвэл нугалах ч боломжтой. Тэгэхээр төгрөгийн өгөөж долларын өгөөжөөс хамаагүй өндөр байгаа нь маш олон бүтээгдэхүүн дээр харагдаж байна. 

-Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ оны эрсдэл болон боломжийг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээлийг койнтой холбож ярих ёстой болоод байна. Хүмүүс койнд хөрөнгө оруулалт хийгээд өдөрт хэд нугалж болдог гэсэн гаж зан төлөвтэй болох гээд байна. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр ч мөн адилхан гэж ойлгоод, анхнаасаа буруу хүлээлттэйгээр орох, тэр нь биелэгдэхгүй болохоор хөрөнгийн зах зээл бүтэхгүй гэдэг буруу ойлголттой болчих вий. Гэтэл хөрөнгийн зах зээл бол цаанаа бизнес, бүтээн байгуулалт явж байдаг бодит зүйл. Энэ бодит зүйлийг койн гэдэг хийсвэр зүйлтэй хольж хутгаж ойлгох вий гэдэг эхний эрсдэл байна. Нөгөө талаас Монголд яах аргагүй бодлогын хүү бага, долларын ханш тогтвортой байгаа нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож байгаа. Гэтэл инфляц өсөөд эхэлчихлээ. Улсын инфляц 13.4 хувьтай байна. Энэ нь хэвийн түвшин огт биш. Үүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц ихэвчлэн нөлөөлж байгаа.

Гэхдээ цаашдаа эрэлтийн гаралтай инфляц ч бий болох магадлалтай. Тэгэхээр одоо инфляцыг тогтоон барих үүднээс зах зээл дээрээс мөнгийг хумих бодлого хэрэгжүүлэх магадлалтай. Мөнгө хумигдаад эхэлбэл, хөрөнгө оруулалт бас хумигдана гэсэн үг. Үүнийг бас нэг эрсдэл гэж харж байгаа. Боломж талаас нь харвал, хэд хэдэн зүйл бий. Хөрөнгийн зах зээлийг харвал яах аргагүй бодит эдийн засагтайгаа зэрэгцээд л явж байдаг. Гэтэл 2020 онд эдийн засаг хасах утгатай гарсан. Харин 2021 оноос суурийн нөлөөтэй өсөлт гарч эхэлж байна. Мөн Оюутолгойн далд уурхайн асуудал шийдэгдлээ. Бүтээн байгуулалтын ажил 2022-2024 онд дуусна. Ингэхээр зэсийн экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор Монголын эдийн засагт томоохон өсөлт гарч ирнэ гэсэн таамаглал бий. Энэхүү таамаглалууд нь эргээд хөрөнгийн зах зээлийг өсгөх боломжийг бий болгож байгаа. Америк, эсвэл бусад өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгийн зах зээл нь түрүүлэгч индикатор байдаг. Эхлээд хөрөнгийн зах зээл хөдлөөд, дараа нь бодит эдийн засаг хөдөлж байдаг бол Монголд энэ нь бараг зэрэгцэгч индикатор юм болов уу гэж боддог. Тэгэхээр бодит эдийн засаг өсөхтэй зэрэгцээд хөрөнгийн зах зээл өсөх боломжтой. Мэдээж эрсдэлүүд байна, бас боломжууд байна. Энэ хоёрын дундуур дэнслээд, зөв тоглох юм бол боломж их байна.  

-Ярилцсанд баярлалаа.