Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүний сүвэгчээсээ гарсан, “Үндэсний хүн” Л.Эрхэмбаяр

ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ломбо шиг арван хүнтэй байхад мөн ч их ажил нугална даа хэмээн Түмэн шувуутын гэгдэх Л.Эрхэмбаярын аавын тухай Архангай аймгийн уугуул, тухайн үед Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдлийг 18 жил удирдсан  хөдөлмөрийн баатар Р.Минжүүр гуай хэлж байсан гэдэг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж ойлготол нь ажилчин ангийг зүтгүүлж байсан социализмын үед Л.Эрхэмбаярын аав Ломбо гуай тэдэн дундаа торойдгоороо торойж, Их тамирын идээний үйлдвэрийг эрхлэн “Тамирын цагаан ааруул”-ыг одоо цагийнхаар бол “брэнд” болтол нь үйлдвэрлэж байсан гэнэ.

Дөрөвдүгээр ангийн боловсролтой ч дөрвөн аргын тоотой, сампинд гаргууд цөлх халх эр тэрбээр галч, манаач, тракторын жолооч, нярав, тоо бүртгэгч, сүү тосны заводын эрхлэгч, цагаан идээний үйлдвэрийн дарга гээд хэдэн хүүхдүүдээ өсгөхийн төлөө хийгээгүй ажил үгүй гэдэг. Ёстой л нөгөө Тамирын голынхоо мөсийг долоохоос наагуур зүтгэж байж найман хүүхдээ өсгөсөн байна.  

Түүний ээж Г.Цогзолцэрмаа бурхны шашны номын гэр уншлагад нууцхан мэлмий баясаж өссөн агаад, хожмоо ч гэгээрлийн үйлсэд насаараа зүтгэж ирсэн багш хүн. Л.Эрхэмбаярын аав эгэл жирийн малчин гаралтай нэгэн бол, ээж Г.Цогзолцэрмаа нь тайж язгуур угсаатай.

Ломбын найман хүүхдийн нэг Л.Эрхэмбаяр өдгөө, авчралцсан ардчиллынхаа буянаар хол замд гарахдаа ная гарсан ээжээрээ хийморийн сан тавиулаад хөдөлдөг нь бараг л зуршил болчихсон.

Хүүхэд насандаа ээждээ элдүүлээд гэрээсээ гүйж гарчхаад “Цогзолцэрмаа багш зул өргөдөг, Цогзолцэрмаа багш бурхан шүтдэг” гэж багш нарын лагераар зарлаж гүйгээд сүсэг бишрэлд халгаатай социализмын үед ижийгээ золтой л нэг хэрэгт хийчхээгүй гэсэн.

Л.Эрхэмбаяр энэ тухайгаа “Манай ах их томоотой сайн хүүхэд байсан. Харин би жижиг биетэй сахилгагүй “хорлонтой” хүүхэд байсан шиг байгаа юм. Тиймээс ч аавынхаа сурын амтыг бишгүй л мэдэрдэг байлаа. Үүнийг уншсан одоогийн эцэг эхчүүд дургүйлхэж ч мэднэ. Ааваараа, сураар ороолгуулсны дараа чих зөөлрөөд хэсэг сайхан явна шүү дээ” хэмээн Төв аймгийн Баянжаргалан сум руу “доппер” хонины үржил селекцийн ажлаар явах зуураа ярьж байлаа.

Аав ээж гэрийн бараа харахгүй үед түлээгээ хагалж, гэрээ дулаацуулж цэмбийлгэчхээд гараад гүйчихдэг байсан Ломбын хүүгийн бяцхан мөрөөдөл өдгөө, нийтийн, нийгмийн орь хүслэнг олж, өсөж том болж, өндөрт хүрчээ. Аравдугаар ангиа алтан медальтай төгссөн тэрбээр гадаад дотоодын олон хуваариас өөрийн сонирхолдоо хөтлөгдөн ХААДС-ийн зоотехникчийн мэргэжлийг сонгож оюутан болсон бөгөөд мэргэжлийн хичээлүүд дээрээ онцгой байж ХААДС-ийг улаан дипломтой төгссөн 23 настай Л.Эрхэмбаярыг сургууль төгсөнгүүт нь шууд л аймгийн үржил селекцийн улсын станцын орлогч даргаар томилчихжээ. Социализмын үед сурлага мэргэжилдээ онц байж чадсан залуусыг сорчилж томилгоо хийсэн Л.Эрхэмбаярынх шиг тохиолдлууд цөөнгүй бий.

Тухайн цаг үеийн хүний нөөцийн бодлого, нам төрийнх нь ой санамж, үзэл суртал нь ч тийм байсан юм болов уу даа. ХААДС-иас ангийнхаа хөөрхөн Б.Тунгалагийг ирээдүйн ханиараа сонгосон тэрбээр “уул шугамдаа” бас л зоо техникч эхнэрээ дагуулаад нутагтаа очсон байна. Хамгийн сонирхолтой нь ХААДС-ийг 1985 онд төгссөн ангийнхнаас тэр хоёртой нийлээд “наймын найман хос зоотехникч” ажил амьдралынхаа гарааг ийнхүү эхэлж байсан гэдэг. Архангай аймгийнхаа үржил селекцийн улсын станцын орлогч даргаар нэг жил хиртэй ажиллаж байсан Л.Эрхэмбаярыг “ном ярихаас цаашгүй, амьдрал мэдэхгүй, зүүний сүвэгчээсээ ч гараагүй амьтан” хэмээн хөдөө сумаас ирсэн архаг мэргэжилтэн шүүмжилж байхыг сонссон даруйдаа л маргааш нь  хөдөө багт ажиллах хүсэлтээ тэрээр гаргаснаар Архангай аймгийн Тариат сумын Цагааннуурт 100 гаруй малчинтай, 6 мянга гаруй шилмэл  сарлагтай багийн дарга бөгөөд ерөнхий зоотехникч болох нь тэр. Улаанбаатараас Архангайн төв рүү , аймгийн төвөөс Тариат сум руу, тэндээсээ Цагааннуур баг руу явж байгаа тэрсхэн шийдвэртэй, дэрсхэн залуу Л. Эрхэмбаярын хань Б.Тунгалаг Ховдын цэнхэр хязгаар нутгаасаа холдоод байгаа, ойртоод байгаагаа ч ялгахгүй л явж байсан гэдэг. Яг л ийм залуусын хор шар, итгэл сэтгэл дээр туршлага гэдэг, мэдээж хэрэг дуртайяа л “наалдан пад”.

 

Багийн төвийн холбооноосоо төв рүү ярьж байгаад шонгийн модонд буусан аянгад цохиулж хөх тэнгэртээ таалуулсан, сарлаг үхрийн селекцийг сайжруулах гэж онол ярьж ондоошсон, иж планет мотоциклоороо давхиж очоод эрт босож ажилдаа гар гэж гэрийн эзнийг нь загнаж, гэргийнх  нь нэрийн өмнөөс айлын өрхийг хуу татсан гээд багийн дарга  Л.Эрхэмбаярын тухай багагүй “паян” бий.

Тэр ингэж зүүнтний залуу зүтгэлтэн болж “зүүний сүвэгч”-ээсээ гарах гэж зүдэрч явахдаа “ барууны номлогч”-той бас таарсан байдаг.

“Ногоо цухуйж байсан тэр нэгэн хаврын өдөр сумын төвөөс ирдэг замаар сундлаатай мотоциклтой хүн айсуй. Хамаг хувцас нь шороо тоос болсон Гончигоо сумаас баг руу ардчиллыг сурталчлахаар хүнээр хүргүүлж ирсэн нь тэр аж. Гончигоогийн яриа надад нийгмийг өөрөөр харах, ардчиллыг дэмжих анхны сэтгэгдлийг үлдээж, 1990 он гэхэд би эргэлт буцалтгүй ардчилагч болсон байлаа” хэмээн Л.Эрхэмбаяр хожмоо дурссан нь бий.

Ардчиллынхан дундаас Л.Эрхэмбаярын өмч хувьчлалаар өр тавин байж худалдаж авсан цорын ганц хогшил гэвэл, Ихтамир сумын төвийн нэг давхар зочид буудал.

Эхнэр Б.Тунгалаг нь тогооч, үйлчлэгч гээд олон ажилд ганцаараа гүйдэг байсан бол Л.Эрхэмбаяр өөрөө буудлын дарга, галч, сахиулын албыг давхар хийж байлаа. Өөрөөр хэлбэл нүүрс үнэртүүлсэн нөхөр, нүүр гараа угаачхаад л тамга дарж байх жишээтэй. Эрээн рүү ганзагын наймаанд явж, Архангай аймгийн 16 суманд дэлгүүр ажиллуулсан гээд ардчиллынхаа буянаар хувийн өмчтэй байх эрхээ ч бусдын нэгэн адил эдэлжээ.

Өдгөө “Түмэн шувуутын” хэмээх Ломбын Эрхэмбаяр ардчиллаас хойших  30 гаруй жилийг эргэцүүлэн дүгнэж, баялгийн төлөөх улс төрийн бүлэглэлүүд улс төрийн  хоёр том намаар хэрхэн “наадаж” байгааг хэлж ярьж, алт хөтөлбөрөөс эхлээд адлагдаж шахагдаж эхэлсэн малчин тариачин хоёроо өмөөрч , Монголынхоо ХАА-н салбарын хөгжлийнх нь загварыг мэдлэг, туршлага дээрээ суурилан томьёолж байна. Асуудалд шударга бус хандвал аль ч намаас томилогдсон бай ялгалгүй салбарынхаа сайдад хатуухан үг хэлчихдэг түүнийг даруулгагүй нэгэн ч гэж хэлж болохоор. Харин байгалийн баялгийн шударга бус хуваарилалтыг шүүмжилж байдгаас нь үзвэл бас ч гэж үнэт зүйлтэй, үзэл санааны хувьд “сэрсэн Монгол” ч гэж ойлгож болохоор.

Ломбын Эрхэмбаяр 1996 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ихтамир сумын “Ардчилсан Холбоо” эвслийг удирдан оролцож ялалт байгуулжээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан Холбоо” эвслээсээ аймгийн засаг даргад нэр дэвших гэсэн боловч эвсэл нь түүнийг зөвшөөрсөнгүй. Гэтэл тэр “том толгой гаргаж” бие даан нэр дэвшиж олонхын санал авчээ. 

Ерөнхий сайд М.Энхсайхан түүнийг нам эвслийн бодлогоор гараагүй гэсэн үндэслэлээр аймгийн засаг даргаар батламжилсангүй. Тэр хөдөө ажиллаж, салбарынхаа анхан шатны нэгж дээр амьдрал үзсэн ч, улс төрчийнхөө хувьд “зүүний сүвэгч”-ээсээ гараагүй дэндүү нялхаараа байлаа. Ажил хийвэл дуустал нь зүтгэдэг гэх тэрээр өөрийнхөө нэрийг дахин дэвшүүлж, аймгийн ИТХ-д олонхын санал авснаар Архангай аймгийн Засаг дарга болж байсан удаатай. Анхны захирамжаа архидан согтуурахтай тэмцэх тухай гаргаж байсан залуухан засаг ноён Л.Эрхэмбаяр “хариуцлага-хяналтын тогтолцоо”, “татварын бааз суурийг нэмэгдүүлэх”, “ногоон хувьсгал” гээд олон зорилгуудыг эхлүүлжээ. Үр дүнд нь 180 гаруй сая төгрөгийн төсвийн өртэй байсан аймаг 1999 он гэхэд дансандаа 200 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй өргүй аймаг болсон гэдэг.  Гэвч 1999 онд буюу ээлжит сонгуулиас яг 1 жилийн өмнө Архангай аймгийн засаг даргаас огцорчээ. Зоргоороо зүтгэж засаг ноён болсон түүнд, улс төрийн намуудаас дэвшсэн ИТХ-ынхан “ухамсрын шанаа” өгсөн бололтой.

Л.Эрхэмбаяр хожим энэ тухайгаа дүгнэхдээ “Улс төрд бие даана гэдэг бол хэзээ ч шатахад бэлэн дэнгийн эрвээхэй, залуургүй дарвуулт онгоц, үймээний эзэн, тогтворгүй байдал үүсгэгч” гэж хатуу ойлгосон хэмээн хэлсэн байдаг.

Алслагдсан сумын багийн даргаас ажлын гараагаа эхэлж, Аймгийн засаг дарга, Засгийн газрын референт, Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх гээд нам төрийн ажилд чамгүй зүтгэсэн тэрээр “туршлагыг худалдаж авч болдоггүй” гэсэн имижтэйгээр  УИХ-ын сонгуульд хоёронтоо дэвшсэн ч удаа дараа өвдөг шорооджээ. Унасан бөхийн шалтаг шалтгааныг хэлбээс мэдээж улс төрийн амьдралд намынх нь нэр хүнд суларч эхэлсэн, зарим нэг өөрийн намын улстөрчдийн өөнтөгч байдал, сонгогчдын боловсрол гээд хэд хэдэн зүйлийг хэлж болох. Түүнийг улс төрчийнх нь хувьд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал тодорхойлохдоо “Ломбын Эрхэмбаярын улс төрийн амьдрал нэг л өвөрмөц.

Түүний санаачилсан “Иргэдээ сонсох  аян”, “Сонсдоггүй төрийн чихийг угаах цаг болсон”, “Ардчилсан намыг амтлах өдрүүд” зэрэг улс төрийн үйлдлүүд нь хүмүүст нэгийг бодогдуулсан, нийгмээ урагшлахыг уриалсан агуулгатай байдаг” хэмээжээ. Ломбын хүү Эрхэмбаяр бизнесийн хувьд эрс эргэлт хийж, шувууны аж ахуй руу орсныхоо дараахан Өвөр Монголд зорин очиж, өөрийн бизнесийн хамтрагч, шувууны аж ахуйн багш “хятад эрхэм”-тэй танилцаж, нээлттэй, зоригтой санал тавьснаар эрчимжсэн аж ахуйн сонгодог хэлбэр болох шувууны аж ахуйгаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж эхэлжээ. “Мэдлэг туршлагаараа хөрөнгө оруулаад миний ашгийн тавин хувийг ав” гэж хэлсэн Л.Эрхэмбаярын саналаар гэрээ хийгдсэн ч, “Одоо боллоо, олон зуун мянган тахиатай болоорой” гэсэн хятад иргэний ерөөлөөр Монгол дахь хамтын ажиллагаа өндөрлөсөн байна.  “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ын дарга, ХАА-н ухааны доктор Л.Эрхэмбаяр “Бид хятад хамтрагчтайгаа одоо ч сайхан харилцаатай байдаг. Тэр хүний туршлагаас суралцаж, тодорхой хугацаанд хамтарч ажиллаагүй байсан бол өнөөдрийнх шиг хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, хувьцаат компани болж чадахааргүй байсан биз” хэмээн ярьж байна. Л.Эрхэмбаяр харийн хүнээс суралцаж, хамтарч хийж бүтээсэн цаг хугацаандаа талархаж чаддаг ч, их гүрний зөөлөн хүчний бодлогод сэрэмжтэй ханддаг, үндэсний ой санамжтай нэгэн. Тэр тахиан дуунаар сэрдэг ч, Монголынхоо ХАА-н салбарт, тэрэгний хайнаг шиг зүтгэж яваа, арын сайхан хангайн, арга суу зальтай Монгол.

Бизнесийг авьяас хөдөлмөрийн аль алиныг нь уралдуулж, өөрт заяасан өгөгдөл дээрээ “зодож” хийдэг тэрбээр, хурдан моринд хорхойсож, ном шагайх дуртай. 

 

Гэвч баян хүн нэг зудаар гэдэг шиг нийслэл хотын нэгээхэн хэсэгт тог тасарч, агааржуулалтын систем гэмтсэнээр 15000 өндөглөгч тахиа нэг дор “чад хийх” нь тэр. Аль эрт 2013 онд эрчим хүчнээс үүдэлтэй эрсдэлтэй улаан нүүр тулсан Л.Эрхэмбаяр харин ч бууж өгөлгүй, эрсдэлийн менежмент хийж, технологио шинэчлэн, бүтээмжээ нэмэгдүүлээд гангараад явчихсан байгаа юм.

Эх орноо тамгалах дуртай эцэг дээдсийн “харизм” Монголчуудын цусан чанарт бий. Ялангуяа Монгол хүний сэтгэлгээ хил хязгаар луугаа үе үехэн өнгийж бодохоос эхлэлтэй ч байж магадгүй.  Хөшөөгөөр, үгээр, үйлсээрээ гээд янз бүрээр л тамгалаад явах шиг. Л.Эрхэмбаяр Увсын Баруунтуруунд усалгаатай 3000 га газарт тариалалт хийж, ургацаар, хөдөө аж ахуйгаар эх орныхоо баруун хязгаарыг тамгалж байна. Социализмын үед Оросуудын бүтээн байгуулсан усжуулахын систем дээр хөрөнгө оруулалт хийж, Турууны голыг хяналтдаа авчээ. Уулын голын ус ургацын далайд цутгаж, “Түмэн шувуут”-ын түмний төлөөх төслийг тэтгэнэ.

Хотод ойр Сэлэнгэд тариалан эрхлэх амархан байвч, Увсын Баруунтуруунд услалтын системийн хуучин туурь дээр хөрөнгө оруулалт хийж, “Усжуулах” хувьцаат компаниа хөл дээр нь босгох нь ойрын зовлонгоо ялж сурсан холын зорилготой бизнесмэний санадаг л санаа. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн “Түмэн шувуут”-ын түмний төлөө явуулж байгаа төслийг анзаарч үзвэл, ургуулсан үр тариа, үйлдвэрлэсэн тэжээлээрээ тахиагаа хооллож, тахианаас гарсан сангасаараа бордоо бэлтгэж, бордоогоороо газар тариалангийнхаа хөрсийг тордож байх жишээтэй. Өнөөх л “Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг шиг Монголын хөдөө аж ахуйн салбар тойргоо эргэж байх нь  гайхалтай. Түмэн шувуутын, түмний төлөө төсөл болбоос эх оронч, үндэсний төсөл юм байна. Элдэв зүйлд хор нь гарчихсан Л.Эрхэмбаяр гавьяат болбоос зүүний сүвэгчээсээ гарсан, үндэсний хүн яах аргагүй мөн байна.

 

“Эрхэмээ ахаа би таныг таньж байна” гэж итгэлтэйгээр хэлэх гэтэл тэрээр инээмсэглэн ирж, “Монголын үндэсний цагийг ирээдүйд бүтээх, маргаашийн танихгүй Монголчуудынхаа төлөө та бид ажиллаж байгаа шүү дээ. Тэрийгээ мэдэж байгаа юу?” хэмээн хээв нэг хэлж, ам асууж байлаа.

"Монголын Үндэсний Цаг" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.  

 

Нийтлэл бичсэн: Сэтгүүлч, “Монголын Үндэсний Цаг” нэвтрүүлгийн ерөнхий продюсер Жарантайн Соёл-Эрдэнэ