Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Адилбаев: Урт хугацаанд бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүд эсэргүүцлийн жагсаалыг ашиглаад улс орныг самрах зорилготой байсан 

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Казахстан дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

БНКУ-ын ерөнхий прокурорын газрын сүүлийн үеийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 4,578 хүн энэхүү үйл явдлын хохирогч болсон нь тогтоогджээ. Үүний 4,353 хүн нь гэмтэл авсан ба 3,393 (78%) нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд байна.

Нэгдүгээр сарын 5-17-ны хооронд 225 хүний амь эрсэджээ. Тэдний дунд террорист үйлдэлтэй холбоотой зэвсэгтэй гэмт этгээдүүд ч бий бөгөөд 19 цагдаа, цэргийн ажилтан нас барсан байна.

БНКазУ-ын хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчин бол зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гуйвуулж байгаа шиг “Тайван жагсагчдын” эсрэг биш харин террористуудын эсрэг байгааг мэдээллийн үеэр тэрбээр онцлов. 

Элчин сайд Ж.Адилбаев "Гаазны үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Жанаөзен хотод тайван жагсаал гарч, уг асуудлыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зүгээс анхааралдаа авч улсын комисс байгуулсан. Улсын комиссоос шийдвэр гарч нэгдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд төрийн зүгээс иргэдээс тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хүлээн авсан. Нэгдүгээр сарын 5, 6-ны өдрөөс эхлэн иргэдийн шаардлага өөрчлөгдөж, аяндаа гарсан эсэргүүцлийн жагсаал нь Алматы болон Казахстаны бусад том хотуудад үймээн самууны байдалд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Казахстанд болсон энэхүү үйл явдал нь урт хугацаанд бэлтгэгдсэн ямар нэгэн террорист бүлэглэлүүд эсэргүүцлийн жагсаалыг ашиглаж, Казахстанд байгаа стратегийн объектуудыг сүйтгэх, халдах болон дэлгүүрүүдийг тонох хэмжээнд хүртлээ ширүүссэн.  

Ард түмний хүсэлтээр Засгийн гаар огцорсон ч нөхцөл байдал намдаагүй. Нийт 5,000 гаруй объектод халдсан бөгөөд Казахстаны нисэх онгоцны буудлыг эзлэхийг завдсан. Үүний эсрэг шуурхай арга хэмжээ авсны хүчинд хэвийн байдалд шилжиж чадсан. Хүнд нөхцөл байдлын үед бидэнд сэтгэлийн дэм өгч байсан Монголын төр болон ар түмэнд Элчин сайдын яамны зүгээс болон өөрийн зүгээс талархсанаа илэрхийлье" хэмээв. 

Мөн тэрбээр Казахстан Монголын найрсаг харилцаа цаашид эвдрэхгүй бөгөөд Казахстан дахь гадаадын хөрөнгө оруулалт болон гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Казахстан-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан төлөвлөсөн бүх арга хэмжээг хэвийн хэрэгжинэгэдгийг хэлсэн юм. 

"Энэхүү үйл явдлаас Казахстан улсын төр сургамж авч цаашид эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл хийх зорилго тавьсан"
 

/MNB/ Шинэ засгийн газрын хувьд одоогийн байдлаар ямар асуудалд илүү төвлөрч ажиллаж байна вэ?

- Казахстан улсын нөхцөл байдал хэвийн байдалдаа шилжсэн. Цахим сүлжээ, интернет, агаарын болон төмөр замын тээвэр хэвийн байдалдаа орсон. Ерөнхий сайд А.Смайлов тэргүүтэй Шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Казахстан дахь нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

/Ikon.mn/ Гаднаас энхийг сахиулагчид орж ирсэн нь хууль ёсны дагуух зүйл байв уу. Оруулахгүйгээр дотроо шийдэх боломж байгаагүй юу?

- Нөхцөл байдал хүндрэх үед хууль сахиулах байгууллагынхан чадахаараа ажилласан. Казахстан улс олон улсын гишүүн орон учраас Ерөнхийлөгчийн хүсэлтээр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад /ХАБГБ/ хүсэлт гаргаж, стратегийн объектуудыг хамгаалах зорилгоор энхийг сахиулагчдыг урьсан. Казахстан Улс ХАБГБ-д энхийг сахиулагчдыг илгээх тухай хүсэлт гаргасан нь хуулийн дагуу байсан. Даалгавраа биелүүлэгч талуудын тохиролцсоны дагуу Казахстаны нутаг дэвсгэрээс үе шаттайгаар гаргаж байгаа.

Нэгдүгээр сарын 19-нд хамгийн сүүлийн цэргүүд Казахстан улсаас гарах төлөвлөгөөтэй байгаа. 

/Ikon.mn/ Үймээний үеэр авч хэрэгжүүлсэн ажиллагаанууд террористуудын эсрэг чиглэгдсэн талаар та түрүүн хэлсэн. Ямар үндэслэлээр хэлж байгаа вэ? 

- Хэрвээ тайван жагсаал гаргана гэсэн зорилготой хүмүүс байсан бол ямар нэгэн улс орны болон стратегийн объектууд руу халдах, төрийн байгууллагууд руу халдах, буудах, хууль хүчний хүмүүсийг хэрцгийгээр зодох үйлдэл гаргахгүй. Алматы хотод гэхэд зэвсгийн долоон дэлгүүр тоногдсон. Энх тайвныг тогтоох гэж байсан хүмүүст зэвсэг авах ямар шаардлага гарах билээ.

Жагсаал цуглааныг сайтар ажиглавал анх тайван жагсаал эхлүүлсэн хотын иргэд шаардлагын хариугаа аваад,  тайвширч гэртээ харьсан. Гэвч Алматы болон бусад том хотуудад урьдчилан бэлтгэгдсэн байдалтай үймэн самууны байдал өрнөсөн. Жагсаалд гарч байгаа хүмүүст хоол унд, зэвсгийг бэлдэж өгөх байдал ажиглагдсан. 

Засгийн газрын байр болон төрийн байгууллагууд руу халдах, хүмүүсийг нь гаргаж ирээд зодох, ямар нэгэн зэвсэг хэрэглэх зэрэг энэ бүх байдлыг ажиглавал террорист бүлэглэлийнхэн улс орныг бүхэлд нь самрах зорилготой байсныг илчилж байгаа. Холбогдох комисс гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох, арга хэмжээ авах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байгааг хэлье. 

Өнөөдрийн байдлаар шуурхай мөрдөн байцаах баг 494 эрүүгийн хэрэг, түүний дотор террорист акт 44, үймээн самуун-34, хүний амь нас хохироосон 15 болон бусад ангиллаар мөрдөж шалгаж байна. 524 хүнийг гэмт хэрэгт сэжигтнээр татаж, түр саатуулсан. Шүүхийн шийдвэрээр 412 хүнийг баривчилсан.  

/Eagle ТВ/ Тэргүүн Назарбаев одоо хаана байгаа вэ? 

- Казахстан улсын тэргүүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр улсын Тэргүүн Назарбаев Казахстан улсад байгаа.

Нэмж хэлэхэд энэхүү үйл явдлаас Казахстан улсын төр сургамж авч цаашид эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл хийх зорилго тавьж байгаа.

/Gogo.mn/ Монгол Улсын иргэн Казахстанд болсон үймээний үеэр саатуулагдсан тохиолдол гарсан болов уу. ГХЯ-наас нэг иргэнтэй холбогдож чадахгүй байна гэх мэдээлэл өгч байсан. Энэ талаарх мэдээлэл та бүхэнд байна уу? 

- Үймээний үеэр Монголын иргэн саатуулагдсан гэх мэдээлэл бидэнд ирээгүй.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn