Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Анне Франкийн нуугдсан газрыг Нацистуудад зааж өгсөн сэжигтнийг 77 жилийн дараа нэрлэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Хоёрдугаар дайны үед Амстердам хотын жүүд оршин суугч Франкийн гэр бүлийн дөрвөн хүн 1942 оны долдугаар сараас 1944 оны наймдугаар сарыг хүртэл нэгэн барилгын далд хонгилд Нацистуудаас нуугдан амьдарч байсан юм.

Гэвч тэднийг Нацистууд хоёр жилийн дараа илрүүлж, бүгдийг нь хорих лагерьт илгээснээс зөвхөн гэрийн эзэн Отто Франк амьд үлдэж байжээ.

Тэдний хоёр охины нэг 15 настай Анне нуугдаж байх үеийнхээ түүхийг бичиж үлдээсэн нь “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” нэрээр дэлхийн олон оронд, олон хэлээр хэвлэгдэж байв.

Франкийн гэр бүлийн нуугдаж байсан газрыг Нацистууд хэрхэн илрүүлснийг мөрдөж тогтоох ажлыг өмнө нь зохион байгуулж байсан ч үр дүнд хүрээгүй юм.

Тэгвэл Канадын зохиолч Розмэри Салливаны бичсэн “The Betrayal of Anne Frank: A Cold Case Investigation” нэртэй шинэ номд Франкийн гэр бүл хаана нуугдаж байгааг Нацистуудад зааж өгсөн байж болох сэжигтнийг анх удаа нэрлэжээ.

 

Тодруулбал тухайн үеийн Амстердамын алдартай жүүд нотариатч Арнольд ван дер Бергийг сэжигтнээр нэрлэсэн байна.

Тэрбээр өөрийнхөө гэр бүлийг хорих лагерьт илгээгдэхээс аврахын тулд Франкийн гэр бүлийг зааж өгсөн байж болзошгүй гэж дээрх номд дүгнэжээ.

Мөрдлөгийг гүйцэтгэхэд кино найруулагч Тис Бaенс, Холбооны Мөрдөх Товчооны агентаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Винсент Пэнкок зэрэг хүмүүс баг болж ажилласан юм байна.

“Бид 30 гаруй сэжигтнийг байж болох 20 хувилбараар судалсны эцэст хамгийн өндөр магадлалтай нэг сэжигтнийг олж тогтоолоо. Гэхдээ үр дүндээ 100 хувь итгэлтэй биш байна” гэж Баенс ярьжээ.

Гэр бүлийнх нь нуугдсан газрыг Нацистуудад зааж өгсөн хүний тухай мэдээлсэн нэр хаяггүй зурвасыг Отто Франк дайны дараа хүлээж авсан юм байна.

Амстердамын цагдаагийн газар уг зурвасын мөрөөр олон жил шалгаад сэжигтнийг тогтоож чадаагүй ажээ. Харин сүүлд ажилласан багийнхан зурвасыг дэлхийн хэд хэдэн оронд байгаа архивын материалуудтай харьцуулан судлаад хамгийн өндөр магадлалтай сэжигтнийг олж тогтоосон байна. Ингэхдээ тэд хиймэл оюун ухааны технологийг судалгаандаа ашиглажээ.

Сэжигтэн Арнольд ван дер Берг 1950 онд нас барсан юм байна.

“Нууц бүрэн тайлагдсан гэж хэлэх боломжгүй гэж бид үзэж байна. Мөрдөгчдийн баг сонирхолтой шинэ онол дэвшүүлсэнд талархаж байгаа. Гэхдээ олон зүйлийн нууц тайлагдаагүй хэвээр байна. Шинэ мөрдлөгийн үр дүнд олж авсан мэдээллүүд нь цаашдын судалгаанд ашиглагдах чухал ач холбогдолтой юм” гэж Амстердам хот дахь Анне Франкийн музейн захирал Рональд Леопольд хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Associated Press