Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын агаарын тээврийн компаниуд 5G сүлжээ нэвтрүүлэхийг эсэргүүцэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт буюу маргааш АНУ-ын AT&T, Verizon компаниуд радио долгионы шинэ C-Band зурваст ажиллах 5G сүлжээгээ нээхээр бэлдэж байна.

Харин агаарын тээврийн компаниуд уг сүлжээ нь нисэх онгоцнуудын аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Тиймээс өчигдөр АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниуд хамтарсан мэдэгдэл гаргаж, ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд анхааруулга хүргүүлжээ.

“Манай гол нисэх буудлуудыг радио долгионы нөлөөллөөс чөлөөлөх арга хэмжээ авахгүй бол маш олон тооны нислэгүүд цуцлагдах эрсдэлтэй боллоо. Зөвхөн өчигдрийн нэг өдрөөр жишээ татахад 1,100 гаруй нислэгт саатаж, 100,000 зорчигчийн аялал цуцлагдахаар байна” гэж American Airlines, Delta Air Lines, United Airlines, Southwest Airlines компаниудын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Америкийн нислэгийг удирдах газар FAA өмнө нь бас 5G сүлжээний радио дохио алтиметр зэрэг нисэх онгоцны нарийн багаж хэрэгслүүдийн ажиллагаанд нөлөөлснөөр үзэгдэх орчин муу үед онгоцыг жолоодоход хүндрэл гарч болзошгүйг анхааруулж байжээ.

АНУ-ын харилцаа холбооны АТ&Т, Verizon компаниуд өнгөрсөн онд радио долгионы C-Band зурвасыг бараг бүхэлд нь дуудлага худалдаагаар авч, $80 тэрбумыг засгийн газарт төлж байв.

Нэгдүгээр сарын 3-нд тэд агаарын тээврийн компаниудын шаардлагыг хүлээн авч, 50 орчим нисэх буудлын орчимд буферын бүс байгуулж, 5G сүлжээний нөлөөг бууруулах тохиролцоонд хүрчээ.

Мөн зургаан сарын дотор эрсдэлийг бууруулах бусад арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэхээр болсон юм.

Бас 5G үйлчилгээг нэвтрүүлэх өдрийг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна.

Гэвч агаарын тээврийн компаниудад харилцаа холбооны компаниудын авсан арга хэмжээ хангалтгүй байгаа тул зарим томоохон нисэх буудлуудын хөөрөх, газардах зурваст 3.2 км-ийн радиустай 5G сүлжээний нөлөөг хаах бүс үүсгэхийг шаардаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters