Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаевын хамаатнуудыг өндөр албан тушаалаас чөлөөлсөөр байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Казахстаны эрх баригчид тус улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хоёр хамаатныг өндөр албан тушаалаас нь чөлөөлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Назарбаевын хоёр хүргэнийг эрчим хүчний төрийн өмчит томоохон компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн юм.

Өчигдөр Казахстаны бизнес эрхлэгчдийн үндэсний танхим Атамекены тэргүүний албан тушаалаас Тимур Кулибаевыг чөлөөлөх шийдвэрийг Токаевын засгийн газар гаргасан байна.

Казахстаны хамгийн баян чинээлэг эрхмүүдийн нэг Кулибаев нь экс ерөнхийлөгчийн хоёр дахь охин Динарагийн нөхөр юм.

 
Назарбаевын хүргэн Тимур Кулибаев

Өчигдөр бас Назарбаевын зээ Самат Абишийг Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны дэд тэргүүний албан тушаалаас чөлөөлөх захирамжийг Токаев гаргажээ.

 
Назарбаевын зээ Самат Абиш

Өмнө нь тус байгууллагын тэргүүн, Назарбаевын итгэлтэй хүн гэгддэг Карим Масимовыг бас албан тушаалаас нь чөлөөлж, эх орноосоо урвасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Нэгдүгээр сарын эхээр болсон засгийн газрын эсрэг тэмцэл, үймээний дараа Казахстаны зарим хэсэгт өнөөдрийг хүртэл онц байдлын дэглэм үйлчилж байгаа.

Казахстаны тусгаар тогтнолын 30 жилийн хугацаанд гарсан хамгийн том улс төрийн хямралын үеэр 225 хүн алагдсан гэсэн тоог эрх баригчид Ням гарагт зарласан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe