Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хууль зүйн яам нь ийм асуудал оруулж ирэхээр Монголын хууль хэзээ ч цэгцрэхгүй юм байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Өмнөх хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсан. Харин уг хууль хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагаа нь өргөжүүлж, хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлын халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлэхээр заасан байна. 

Мөн аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно гэж заасан байна. Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад саналын томъёоллоор оруулж байгаа аж. Тодруулбал, улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурортой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгийн цалинтай болгох санал гаргажээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Ийм хууль гаргаж болохгүй байна. Бид улсын өмгөөллийн том сүлжээ бий болгох гэж байна. Асар мөнгө гарна шүү дээ. Аймаг, суманд нэгжтэй болно, таван жил тутамд тэтгэмж олгоно, орон сууцаар хангана, тээврийн хэрэгсэл унааны мөнгийг нь өгнө гэж байна. Ийм боломж төсөвт байхгүй.

Өмгөөлөгч хувийн журмаараа ажиллаад, харин төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс төлбөрийг нь шийдээд өгдөг байх ёстой.

Дахин нэг том төрийн алба байгуулж, нийгмийн бүх асуудлыг шийдэж болохгүй байх. Үүнд нийт хэдэн төгрөгийн зардал гарч байгаа вэ.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан: Урьд нь улсын өмгөөлөгч гэж байсан. Огт байгаагүй зүйлийг оруулж ирээгүй. Өмнө нь зөвхөн төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсныг өргөтгөж хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлаас халагдсан хүмүүс, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлдэг болохоор заасан.

Хууль зүйн үндэсний хүрээлэн энэ үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Тэдний үйл ажиллагааг л өргөтгөж байгаа хэрэг.

Хууль зүйн туслалцаа шаардлагатай төлбөрийн чадваргүй иргэнд мөнгийг нь өглөө гэж бодоход идчихнэ. Зарим нь тэр мөнгөө олж авах арга замаа ч олохгүй хохирох тал бий.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд 2022 онд 1.3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүний 980 орчим сая нь цалин, нийгмийн даатгалын зардал, үлдсэн нь урсгал зардал байдаг.

Улсын өмгөөлөгчийн орон сууц, тээврийн зардалтай холбоотой заалтыг байнгын хорооны хуралдаанд саналын томъёоллоор оруулсан. Үүнийг тухайн орон нутаг санхүүжүүлж болно гэж заасан байгаа.