Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинжуулалтад хамрагдахаар яваа Амазоны уугуул иргэдийг харуулсан гэрэл зургийн түүх

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Амазоны ширэнгээс аавыгаа үүрээд вакцинжуулалтын цэгт хүргэж ирсэн залуугийн гэрэл зураг саяхан интернэтэд өргөн тарсан юм.

Уг зургийг Эрик Женнингс Симонез эмч 2021 оны нэгдүгээр сард Бразил даяар коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аян эхлэх үеэр буулгасан юм байна.

Тэрбээр уг зургаа шинэ оны эхэнд олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилгоор Инстаграм хуудсандаа хуваалцсан ажээ.

Бразил улсын хувьд Амазоны ширэнгэ ойн алс хязгаарт суудаг уугуул иргэдээ вакцинжуулах хүнд хэцүү сорилттой тулгарч байв.

Зураг дээр дүрслэгдсэн 24 настай Тавы, 67 настай Ваху нар аав, хүү хоёр юм байна.

Тавы бие муутай аавыгаа үүрээд 5-6 цаг ширэнгэ дундуур алхаж, вакцинжуулалтын цэгт ирж байжээ.

Тэд Зое гэдэг 325 хүнтэй уугуул омгийн гишүүд юм байна. Тэдний тосгон Бразилын умард Пара мужийн нутаг дахь 1.2 сая хөлбөмбөгийн талбайтай тэнцүү хэмжээтэй ширэнгийн гүнд байдаг гэнэ.

Бразилын засгийн газрын албан ёсны тоо баримтаас үзвэл цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсын 853 уугуул иргэн коронавирусийн халдвараар нас барсан байна.

Харин уугуул иргэдийн эрхийг хамгаалагчдын тооцоолсноор зөвхөн 2020 оны гуравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 1,000 орчим иргэн нас баржээ.

Зурагт дүрслэгдсэн Ваху өнгөрсөн оны есдүгээр сард тодорхойгүй шалтгаанаар нас барсан бол хүү Тавы нь саяхан вакцины гурав дахь тунгаа тариулаад буцжээ.

 

Эх сурвалж: BBC