2022/01/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
16:00
S26
-13°
17:00
S26
-13°
18:00
S26
-13°
19:00
S26
-13°
20:00
S26
-14°
21:00
S26
-14°
22:00
S26
-15°
23:00
S26
-15°
00:00
S26
-14°
01:00
S26
-14°
02:00
S26
-13°
03:00
S26
-12°

Н.Батбаяр: Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд Үндсэн хууль тун чамбай болсон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Эх сурвалж: НЗДТГ

Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан гэдгийг тодотгож байлаа.

Уулзалтын үеэр депутатууд дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д.Мөнхөө: 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн хамгийн том эрх зүйн акт болж чадсан

Эх сурвалж: НЗДТГ

Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: -Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатаар  намайг сонгож, шинэ Үндсэн хууль батлах нэр төртэй ажилд гар бие оролцох боломж олгосон. Түүнээс өмнө би хоёр удаа депутатаар сонгогдож байлаа. Монголын дөрөв дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй  байсан.  Тухайн үедээ би эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв. Бид Үндсэн хуулийн төслийг бүх шатны  эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, ирсэн санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна.  

Г.Очирбат:  “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан

Эх сурвалж: НЗДТГ

Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: -Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа. Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.

Р.Барсболд: Ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас өндөр үнэлгээ авсан

Эх сурвалж: НЗДТГ

Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: -Үндсэн хуулийн төслийг маш урт хугацаагаар, өдөр шөнөгүй хэлэлцдэг байсан. Тэр үед ардчилал гэдэг юу, парламент яаж ажилладаг талаар мэддэг хүн бараг байгаагүй гэхэд буруудахгүй. Яаж ажиллах арга замаа олж байсан гэх үү дээ. Шударга замаар ханддаг байсан гэж олон хүн дурддаг юм. Үндсэн хууль бол манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой.

Н.Батбаяр: Үндсэн хууль 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон

Эх сурвалж: НЗДТГ

Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: -Өнөөдөр Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 32 жилийн өмнө анхдугаар ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдсон. Миний хувьд Улаанбаатар хотын 43 дугаар тойрог буюу одоогийн Саппоро орчмоос сонгогдож байлаа. 1990 онд Ардын Их Хурал бага хурал болон Засгийн газраа байгуулсан.

1991-1992 оны хооронд буюу хоёр оныг дамнан 76 хоног тасралтгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг баталсан.  Үндсэн хуулийг батлахдаа эхний үгээс эхлээд төгсгөлийн үг хүртэл бүгдийг нь нэг бүрчлэн хэлэлцсэн. Зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, депутат бүр нээлттэй саналаа солилцож, шийдвэрлэсэн. Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд тун чамбай хууль болсон.

Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм гэлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

x