Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Кэни Уэст энэ онд ОХУ-д зочилж, Путинтэй уулзахаар төлөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн рэп од Кэни Уэст энэ онд ОХУ-д зочлохдоо тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах төлөвлөгөөтэй байгааг Биллбоард сэтгүүл өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр энэ үеэр Москва хотод анхны тоглолтоо зохион байгуулж, Оросын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Арас Агаларов, түүний дуучин хүү Эминтэй уулзахаар төлөвлөж байгааг Уэстийн зөвлөх Амир Судан ярьсан байна.

Агаларовтой бизнесийн хэлцэл хийх бол хүү Эминийг нь олон улсын тавцанд гаргахад туслах гэнэ.

Азербайжан гаралтай тэрбумтан Агаларов 2013 онд Miss Universe тэмцээнийг Москва хотод зохион байгуулахад Дональд Трамптай хамтран ажиллаж, Москвад “Trump Tower” цамхаг босгох төсөл эхлүүлж байжээ. Гэхдээ энэ төсөл сүүлд цуцлагдсан юм.

Эдгээрээс гадна Кэни Уэст ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах, бүр Москвад зохион байгуулах тоглолтдоо урих зорилготой байгааг Судан ярьжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уэст нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийгөө “залуу Путин” гэж нэрлэж байв.

Орос улс газрын тос экспортолдог шиг соёл урлагийг дэлхий дахинд экспортолдог хүн тул өөрийгөө Путинтэй зүйрлэснээ тэр ярилцлагадаа тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Billboard