Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Савласан унгасаа зарж $200,000 олсон реалити шоуны од NFT зах зээлд бүтээгдэхүүн гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америкийн TLC сувгийн “90 Day Fiancé” реалити шоуны 31 настай од Стефани Матто өнгөрсөн онд өөрийн унгасыг шилэн саванд хийж зараад нийт $200,000-ыг олсон байна.

Эхлээд тэр фэнүүдээс нь ийм хүсэлт ирэхэд хошигнол гэж бодож байжээ. Дараа нь тэр туршиж үзэхээр шийдээд 97 ширхэг шилэн саванд унгасаа савлаад тус бүрийг нь $500-аар зарахад богино хугацаанд дууссан байна.

Хоёр дахь удаагаа $1,000-ын бүтээгдэхүүний багц гаргахад бас л зарагдаж дуусжээ. Нийтдээ тэр $200,000-ыг энэхүү бизнесээсээ олсон байна.

Гэвч Зул сарын баярын үеэр бүтээгдэхүүнийх нь эрэлт дийлдэхээ больж, эрүүл мэндэд нь нөлөөлсөн тул эмнэлэгт үзүүлжээ. Стефани унгасаа ахиухан гаргахын тулд уургийн шэйк, хар шошны шөл ихээр хэрэглэсэн нь эрүүл мэндийн асуудал үүсгэж, эмч түүнд бизнесээ зогсоохыг зөвлөсөн гэнэ.

“Унгасаа ингэж удаан зарвал эрүүл мэндэд минь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болсон тул би бизнес загвараа өөрчлөх талаар бодож эхэлсэн” гэж Стефани Матто хэвлэлд ярьжээ.

Гэтэл түүнтэй нэгэн дижитал уран бүтээлч холбогдож, унгастай шилнүүдийг NFT (Non-Fungible Token) болгож зарах санал тавьсан байна.

Ингээд Fart Jars NFT нэртэй бүтээгдэхүүн өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн зах зээлд 0.05 этериумийн ($186) үнээр борлуулагдаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл унгастай шилэн савнуудыг дижитал зураг, энимэйшн хэлбэртэй болгон зарж эхэлсэн байна.

Зарим NFT-д нь Стефанигийн гарын үсэгтэй дотуур хувцас, маш ховорт тооцогдох унгас бүхий шилэн сав бодитоороо дагалдах гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider