Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор цэргүүдийг баазаас нь гаргахгүй байхаар АНУ, Японы талууд тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед коронавирусийн Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Японд байрлаж буй АНУ-ын цэргүүдийг баазаас нь гаргахгүй байх тохиролцоонд хоёр улсын эрх баригчид Ням гарагт хүрсэн байна.

Хөл хорио 14 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд онцгой шаардлагагүй бол цэргүүдийг баазаас нь гаргахгүй байхаар тогтсоныг Японы гадаад хэргийн яам мэдээлжээ.

Үүнээс гадна Америк цэргүүд бааз дотроо болон баазаас гарахдаа амны хаалт заавал зүүх, Японд ирэх болон Японоос явахдаа шинжилгээ өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Бямба гарагт Япон даяар коронавирусийн халдварын 8,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр өсөлт болжээ.

Эдгээрийн ихэнх нь АНУ-ын цэргийн баазууд байрлаж буй бүс нутагт илэрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Японы засгийн газар цэргүүдийг баазад нь хөл хорих хүсэлтээ АНУ-ын талд гаргаж байв.

АНУ-ын 55,000 цэрэг Японд байрладгаас ихэнх нь Окинава мужийн бүлэг арлуудад байрладаг. Окинава болон бусад хоёр мужид Ням гарагаас эхлэн тусгай хорио цээрийн дэглэм энэ сарыг дуустал хугацаанд хэрэгжихээр болж байна.

Үүнд үйлчилгээний газруудын ажиллах цагт хязгаар тогтоох, согтууруулах ундааны худалдааг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтжээ.

Нийслэл Токио хотод сүүлийн хоёр өдөр дараалан 1,200 давсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 14 дахин өндөр үзүүлэлт болсон байна.

Япон улсын насанд хүрсэн хүн амын 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Нэмэлт тунгийн дархлаажуулалт саяхан эхэлсэн юм.

Цар тахлын үеэр Японд нийт 18,300 орчим хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Сүүлийн үед өдөрт нэгээс хоёр, заримдаа ганц ч нас баралт бүртгэгдэхгүй болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press