Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Citigroup вакцинжуулалтад хамрагдаагүй ажилтнуудаа халахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын томоохон банк Citigroup ажилтнууддаа нэгдүгээр сарын 14-нөөс өмнө коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах хугацаа өгснийг эх сурвалжууд Баасан гарагт мэдээлжээ.

Хэрвээ заасан хугацаанд хамрагдаагүй бол энэ сарыг дуустал цалингүй чөлөө олгох гэнэ. Нэгдүгээр сарыг дуусахаас өмнө вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ авчрахгүй бол ажлаас нь шууд халахаар болжээ.

Ингэснээр Citigroup вакцины хатуу шаардлага нэвтрүүлсэн Уолстритийн анхны томоохон байгууллага болж байна.

Америкийн банк санхүүгийн олон байгууллага цар тахлын дараах хэвийн амьдралд шилжих төлөвлөгөө боловсруулаад байсан нь коронавирусийн Омикрон хувилбарын дэгдэлтээс шалтгаалан биелэх боломжгүй болоод байгаа.

Goldman Sachs, Morgan Stanley, JPMorgan Chase зэрэг банкууд одоогоор вакцинжуулалтад хамрагдаагүй ажилтнууддаа гэрээс ажиллах шаардлага тавьж байгаа.

Citigroup нь банк санхүүгийн байгууллагуудаас “вакцингүй бол ажилгүй” зарчмыг нэвтрүүлсэн анхдагч болж байна. Google, United Airlines зэрэг бусад салбарын томоохон компаниуд уг зарчмыг хэдийнээ нэвтрүүлээд байгаа.

Citigroup банкны ажилтнуудын 90 гаруй хувь одоогоор вакцинжуулалтад хамрагдаад байгаа гэнэ.

Гэхдээ эрүүл мэндийн болон шашин шүтлэгийн шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтнуудын асуудлыг тухай бүрд нь шийдэхээ тус банк мэдэгдэн байна.

 

Эх сурвалж: Reuters