Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео зургаан сарын хугацаанд 40 кг жин хасжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргааны үед АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Майк Помпео 2021 оны турш эрчимтэй турж байсан нь олны анхаарлыг татсан юм.

Тэгвэл өчигдөр тэр Нью-Йорк Таймс сонинд ярилцлага өгөхдөө өөрийгөө зургаан сарын хугацаанд 40 кг жин хассаныг ярьжээ.

2010 онд конгрессын гишүүн болсноос нь хойш түүний хувьд биеийн жингээ хянах нь маш том асуудал болсон гэнэ. 2021 оны зургаадугаар сард биеийн жин нь 136 кг байсныг Помпео ярьжээ.

Тэр үед Помпео эхнэр Сюзандаа “Өнөөдрөөс л эхэлье” гэж хэлж байсан гэнэ.

“Өдөр бүр алгасалгүй дасгал хийхийг хичээж, зөв хооллож эхэлснээр биеийн жин аажим буурч эхэлсэн” гэж тэр ярьсан байна.

Ингэхдээ тусгай хоолны дэглэм, үнэтэй хувийн дасгалжуулагч, эрчимтэй дасгалын системийн аль алиныг нь ашиглаагүйгээ хэлжээ.

“Би долоо хоногийн 5-6 өдөрт хагас цагийг дасгалд зориулж байсан. Үүнд ямар ч шинжлэх ухаан байхгүй. Ямар ч дасгалжуулагч, ямар ч хоол, хүнсний зөвлөх байгаагүй. Зөвхөн би өөрөө л хичээсэн” гэж Помпео ярьсан байна.

Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа цаг наргүй ажиллаж, хоолонд орох ч зав гардаггүй байсан тул ихэнхдээ чизбургер зооглодог байснаа тэр дурсжээ.

“Манай гэр бүлийн хувьд зоог барих нь бүгдээрээ цуглах сайхан боломж байдаг. Бид италичууд учраас сайхан гоймонтой хоол, бяслаг, амттанд дуртай. Би гэр бүл, найз нөхөдтэйгөө ийм зоогт оролцсон хэвээр, гэхдээ тааруулж иддэг болсон” гэж АНУ-ын гадаад бодлогын тэргүүн асан хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider