Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа явахыг зөвлөлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 24 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж бэртсэний 9 нь хүүхэд бол орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, 7 хүний амь хохирчээ. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх 
  • Мөргөлдөх 
  • Онхолдох 
  • Үл хөдлөх зүйл мөргөх ослууд гарчээ.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж өгөх нь зүйтэй.

Явган зорчигч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Тээврийн хэрэгслийн жолооч “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.


УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

Don’t drink and drive