Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын тээврийн компаниуд Канадын "шоучид"-ыг гэрт нь хүргэхээс татгалзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Канадын бүлэг жуулчид тусгай үүргийн онгоцоор Монреаль хотоос Мексик рүү нисэх замдаа амны хаалтгүйгээр наргиж цэнгэж байгаа дүрс бичлэгээ сошиал сүлжээнд тарааж байжээ.

VIP ангиллын уг аялалд сошиал инфлүэнсерүүд, реалити шоуны одод оролцсон гэнэ.

Зорчигчид онгоцны суудал хооронд чөлөөтэй явж, дуулж, бүжиглэж, том лонхтой архийг ам дамжуулан ууцгааж байгаа нь уг бичлэгт дүрслэгдсэн байна.

Коронавирусийн Омикрон хувилбар тархаж, хүмүүсийн өвчлөл нэмэгдэж буй үед биеэ зүй бусаар авч явсан жуулчид олон хүмүүсийг бухимдуулсан юм.

Бичлэгийг үзсэн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэ явдлыг цар тахлын хорио цээрийн дэглэмийг сахиж буй бусад хүмүүсийн “нүүр рүү нулимсан хэрэг” хэмээн дүгнэжээ. Бухимдсан тэрбээр тухайн онгоцны зорчигчдыг “тэнэгүүд” гэж нэрлэсэн юм.

Мексикийн аялал жуулчлалын төв Канкун хотод ирсний дараа дээрх жуулчдын 30 орчмоос нь коронавирусийн халдвар илэрч тусгаарлагджээ.

Үүнээс гадна тэднийг нутаг буцах гэхэд урьдчилж тооцоогүй нэгэн асуудал тулгарсан байна.

Air Transat, Air Canada компаниуд бусад зорчигчдынхоо болон нисэх бие бүрэлдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд үйлчлэхээс татгалзаж байгаагаа Лхагва гарагт зарлажээ.

Зорчигчдын нэг, Мексикт тусгаарлагдаад байгаа Квебекийн 19 настай оюутан Ребека Сэн Пьер “Зохион байгуулагчид биднийг зүгээр л хаяад явчихлаа. Энд хэн бидэнд санаа тавьж байгааг мэдэхгүй байна. Бүх нислэг цуцлагдсан” гэж Канадын хэвлэлд ярьсан байна.

Тэрбээр Инстаграм сүлжээнд зохион байгуулагдсан тэмцээнд түрүүлж, Мексикт аялах эрхээр шагнуулсан ажээ.

Мягмар гарагийн орой Канадын зам тээврийн сайд Омар Алгабра, эрүүл мэндийн сайд Жан Ив Дуклос, дотоодыг хамгаалахын сайд Марко Мендичино нар тусгай нислэгийн мөрөөр шалгалт явуулах болсон тухай хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Хэрвээ зорчигчид Канадын агаарын тээврийн дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тус бүр 5,000 канад долларын ($3,930) торгуулиар шийтгүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Associated Press