Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гарри Каспаров: 10 жилийн дотор крипто долларыг орлох магадлалтай

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шатрын хамгийн аугаа аварга гэж олон хүний үздэг Гарри Каспаров саяхан Coindesk сайтад криптовалютын ирээдүйн талаар ярилцлага өгчээ.

Энэ үеэр тэр биткоиныг “дижитал алт” хэмээн нэрлэж, 10 жилийн дотор криптовалют америк долларыг орлох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Ялангуяа инфляцыг өсгөж, мөнгөний үнэ цэнийг унагадаг засгийн газрын үрэлгэн байдалтай тэмцэхэд криптовалют сайн зэвсэг болно гэж тэр дүгнэжээ.

“Америк, Европын ардчилсан системтэй улс орнууд олон их наяд долларыг хэвлэн гаргаж байна. Миний татварын мөнгийг засгийн газар чөлөөтэй үрж, мөнгөний үнэ цэнийг унагаж байгааг хараад би гутардаг. Харин технологи надад үүний эсрэг тэмцэх, хураасан хөрөнгө мөнгөө хамгаалах боломж олгож байна. Миний бодлоор биткоин болон бусад криптовалютууд бол ирээдүй юм. Биткоиныг би дижитал алт гэж үздэг. Хэдийгээр би санхүүгийн мэргэжилтэн биш ч гэсэн 10 жилийн дотор долларыг криптовалют орлодог болсон байхад гайхахгүй” гэж Гаспаров ярьсан байна.

АНУ-д одоо инфляцын түвшин 1980-аад оноос хойших хугацааны хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгаа. Зарим хөрөнгө оруулагчид инфляцаас мөнгөө хамгаалах хамгийн зөв арга бол биткоин гэж үзэж байна.

Харин нөгөө нэг хэсэг нь криптовалютын ханш дэндүү тогтворгүй тул үнэ цэнээ найдвартай хадгалах боломжгүй гэж шүүмжилж байгаа. Тэд ингэхдээ 2017 оны сүүлээр $20,000 хүрээд дараа нь 2019 оны эхэн үед $3,000 хүртлээ унасан биткоины “өвөл”-ийг жишээ татаж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжлэгчдийн нэг Гарри Каспаров анхнаасаа криптовалютын дэмжигч байсаар иржээ.

Өнгөрсөн сард тэр өөрийн NFT цувралаа зах зээлд гаргасан юм. Үүнд түүний амьдралын чухал үеүдийг харуулсан гэрэл зургууд багтжээ. Тухайлбал 1990-ээд оны үед IBM-ийн “Deep Blue” компьютерын системтэй хийсэн шатрын халз тоглолтын гэрэл зургууд нь блокчэйн технологиор баталгаажиж, дижитал арт хэлбэрээр зарагдсан юм.

 

Эх сурвалж: Business Insider